МИНИ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛЫН НЭЭЛТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЖАМЪЯНТИВ

Нэмэгдсэн: 2013-05-18 14:50:53

МИНИ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛЫН НЭЭЛТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЖАМЪЯНТИВ

 

Аймгийн Хүүхдийн “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын Төлөөлөгчөөр сум, сургуулиасаа сонгогдон ирсэн төлөөлөгч хүүхдүүд Та бүхэндээ Зуны эхэн улаагчин Могой сарын шинийн гуравны “Балжинням, Дашням” хослон тохиосон билэгт сайн өдрийн мэндийг хүргэж, эрхэм баян эрүүл мэнд, аз жаргал, сурлага, урлаг, спортын их амжилтыг хүсэн ерөөе.

“Хүүхэд бол хүн төрөлхтний өнө мөнхийн өлмий бат оршихын баталгаа, улс үндэстний ургийн урагт үл бөхөх гал гомолтын эзэн” хэмээн МУ-ын ерөнхийлөгч асан, нэрт эрдэмтэн Н.Багабанди хэлсэн байдаг. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээн өвөг дээдсийн аман зарлигт ч өгүүлсэн нь бий. Чухамдаа зүүний үзүүрийг газарт хатгаад атга будааг нижгээд нижгээдийг цацан цацсаны эцэст зүүний үзүүрт тогтсон төдий лугаа Эрдэнэт хүмүүний биеийг олон төрөөд өөрийн орших орон, амьдралын бат бэх хана хэрмийг бүтээх нь хүүхэд наснаас ундрагатай юм.

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол...” хэмээн хүүхэд багачууд, томчууд бид ч дуулдаг. Цаг хугацааг эрхэмлэж, дэмийг үл хийн цаг хугацаатай уралдан амжилтын галт тэргэнд амжиж суух учиртай. Хамгийн амархан зүйл бол цаг хугацааг дэмий өнгөрөөх. Иймээс цаг ямагт Их ухааны сансарт зорчин тэмүүлж, их далайн чинад дахь хосгүй их гайхамшгийг танин мэдэж, өвлөн авч Өөрийн хэн бээр ч амар хялбараар өнгийн үл харах хана хэрмийг босгож, төрөлх сум аймаг, улс орондоо ихийг бүтээж шинийг санаачлан хэрэгжүүлэгч байхын төлөө өнөөдрөөс эхлэн шамдан суралцаарай хэмээн хүүхэд багачууд та бүхэндээ Ахмад багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд захин хэлэх байна.

Сурагч багачууд хар багаасаа номтой нөхөрлөвөл зохино. Ном бол нөхөрлөсөн бүх хүний багш юм. Багшийн багш бол эрдмийн их далай ном юм.

1100 жилийн өмнө “Алмазан судар” нэртэй анхны цаасан ном хэвлэгдэв. Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмаз адил гэрэлтүүлэн гийгүүлж, хөгжин дэвших хөтөч болсоор иржээ.

Их зохиолч М.Горький “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж хэлжээ. Номтой нөхөрлөснөөр энэхүү цонхоор хүүхэд багачуудын орчлон ертөнцийг чөлөөтэй харах боломж нээгдэж буй хэрэг юм.

Шекспирийн “Ном надад хаан ширээнээс үнэтэй” гэсэн үг номын аугаа их үнэ цэнийг илтгэж байна. Мэдээллийн их урсгал дунд номыг сонгон унших шаардлага тавигдаж байна. /Нэвтэрхий толь/

Ухаантай болохыг хүсвэл ном унш.

Ухаан далай номноос эхтэй. Уншихаа боливол сэтгэхээ болино гэж мэргэд сургажээ.

“Ном бол эрин цаг гэгч давалгааг үеэс үед уламжлан хүргэх эрдмийн ачаа тээсэн оюуны хөлөг онгоц юм” гэж мэргэд сургажээ. “Баатар хүн уулыг давж усыг гатлах чадалтай гэхэд эрдэмтэй хүн уулыг нурааж усыг өөрчлөх увидастай тул эрдмийг шамдан сурах хэрэгтэй” гэж их жанжин Д.Сүхбаатар хэлжээ.

Эрдэмтэй болохыг хүсэж байвал ном унш. “Ном дотор ариун эрдмийн тариа будаа халиуран найгаж байдаг юм” гэж Н.Багабанди айлджээ.

Хүүхэд багачууд та бүхэн хар багаасаа авъяасаа хөгжүүлцгээ.

- Авъяас бол байгалиас заяасан дур сонирхлын хөгжил ажээ. Авъяасаа хөгжүүлнэ гэдэг бол дур сонирхлын хөгжим зэрэг олон төрлийн хөг аялгуу тоглож сурна гэсэн үг юм.

- Авъяас бол өөртөө өөрийн хүчинд итгэх итгэл юм. Авъяасаа хөгжүүлнэ гэдэг бол өөртөө итгэх итгэлийн галаа хөгжөөж дүрэлзүүлнэ гэсэн үг.

- Авъяасын 1/3-нь төрөлхийн зангаас, 1/3 нь ой тойноос, 1/3 нь сэтгэл зоригоос үүдэлтэй гэж өвгөдийн сударт тэмдэглэжээ.

Байгалаас заяасан эрчимлэг оюун ухаан зөн билгээ арвижуулъя, тэгвэл авъяасын далд нууцаа нээнэ. Ой той, цээжлэх тогтоох чадвараа хөгжүүлье, тэгвэл авъяасын оньс тань нээгдэнэ. Соргог мэдрэмж, сэтгэлийн зоригоо дайчилъя, тэгвэл авъяас билгээ хөгжүүлэх харгуй замын бартаа саад багасна гэж дахин захин хэлэх байна.

Аймгийн засаг дарга, Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд Хүүхэд багачууд руу чиглэсэн тэдний эрх хамгаалал, хөгжил оролцоог нэмэгдүүлсэн олон ажлыг бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал: Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүүхэд багачуудыг биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий “Биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай, “Усан бассейн” байгуулах, Тосонцэнгэл суман дахь Боргоцой, Алдархаан суман дахь Даян-Очир хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг илүү хүүхдэд ээлтэй болгох, Аймгийн хэмжээний шилдэг хүүхдийг тусгай номинациудаар шалгаруулж урамшуулдаг болох гээд олон олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа, мөн түрээчээсээ ажил хэрэг болоод явж буйгаа энэ өдөр хүүхэд багачууд Та бүхэндээ уламжлан сонордуулахад таатай байна.

Аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан Аймгийн ИТХ-ын дэргэд Хүүхдийн “Мини ИТХ”-ыг байгуулан ажиллуулахаар болж буй нь Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан нийгэмд бие хүн болоход нь туслах, хүүхдийн тулгамдсан асуудал, санал бодол, дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигт хамаарах асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тэдний үзэл бодолд тулгуурлан явуулах, эргэн мэдээлдэг тогтолцоог бий болгоход ихээхэн ач тусаа өгсөн, цаг үеээ олсон ажил болж байна. Мөн энэхүү ажил нэг удаа хийгдээд бөхөх бус илүү далайцтай болж, аймгаас сум руу, сумаас аймаг руу чиглэдэг, шийдвэр гаргагчдад саналаа хүргүүлдэг, санал хүсэлт нь бодит ажил хэрэг болдог, түүнийг нь аймаг, орон нутгийн зүгээс дэмждэг гэхчлэн эргэх холбоо бүхий хүүхдийн хамгийн том, хүч нөлөө бүхий байгууллага болтлоо хөгжих учиртай. Ийм болгоход мэдээж анхны хурлын төлөөлөгч хүүхдүүд Та бүхний идэвхи оролцоо, санаачлага чухал байх учиртайг зориуд хэлэх байна.

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсэн хөгжсөний 280 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй аймгийн хүүхдийн хамгийн том эрх бүхий “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа нээсний мэдэгдье. Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төрийн байгууллагуудын мэдээлэл