ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

Нэмэгдсэн: 2013-05-18 15:53:40

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын  баталсан “Завхан аймгийн хойд чиглэлийн сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах”  удирдамжийн дагуу  2013 оны 04 дүгээр сарын 19-нөөс  мөн сарын 26-ны хооронд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй сумдад ажиллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх нэр бүхий сумдад ажиллах хугацаандаа дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  1. Сумдын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зохицуулах зөвлөл, Иргэний зөвлөлийн гишүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зааварчилга өгч, “Түншлэл” нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээллээ.
  2. Сумдын иргэд олон нийттэй уулзаж,  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  болон Цагдаагийн газрын 2013 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг тавьж, иргэдийн санал бодлыг нь сонсож,  сонирхсон асуултанд нь хариулж ажиллаа.
  3.  Цагдаагийн байгууллагын “Шинэчлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр тус Цагдаагийн газраас хийж буй ажлыг танилцуулж, үйл ажиллагаандаа ашиглаж буй тусгай хэрэгслүүдийг үзүүлж сонирхууллаа.
  4. Сумдын цагдаагийн ажилтнуудын ажил үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгүүлэх, цагдаагийн байгууллагаас цаашид анхаарч ажиллах асуудлыг  тодорхойлох зорилгоор санал асуулгыг нэг сумаас 50 хүнээс авч, нэгтгэн дүгнэлээ.
  5. Сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулан, хойд бүсийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд хэрхэн бэлтгэх талаар зааварчилж ажиллаа.
  6. Сонгино, Баянтэс, Тэс, Баянхайрхан, сумын Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд байгаа иргэдтэй уулзаж, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өглөө.
  7. Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг шалган зааварчилж, цагийн хуваарь, мэдээллийн самбар, хаягийг нэгдсэн загвартай болголоо.
  8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон хууль сурталчилах чиглэлээр 4000 орчим ном, сонин, гарын авлага брошур тарааж ажиллаа.
  9.  Сумдын иргэд олон нийтэд Цагдаагийн газрын дэргэдэх “Энхийн харуул” хамтлагийн тоглолтоор үйлчилж, үдэшлэг явуулж, бүжгийн болон асуулт хариултын тэмцээнүүдийг зохион байгуулан шилдгүүдийг шалгаруулан, шагнаж урамшууллаа.
  10. Сумдад үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Тэс  сумын төвд зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдаж байсан Гантөмөр гэгчийн дэлгүүрээс /нэр хаяггүй/ 137 ширхэг согтууруулах ундааг, тус сумын Арц суурь боомтод үйл ажиллагаа явуулж буй  “Суурийн өвөр” хүнсний дэлгүүр нь ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүлэн, 289 ширхэг согтууруулах ундааг тус тус  хураан авч,  шалгаж шийдвэрлүүлэхээр Тэс сумын Цагдаагийн хэсэгт  нийт 245 литр согтуруулах ундааг  шилжүүлж ажиллаа.

Хоёр. Сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ярилцаж, шийдвэрлэсэн асуудлууд.

Цагдаагийн газрын дарга, томилолтоор ажилласан сумдн Сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай уулзан, харилцан санал солилцож, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр  Яруу, Сонгино сумдын Засаг даргын үйл ажиллагаандаа ашиглаж байсан УАЗ-469 маркийн машиныг цаашид сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажил үйлчилгээнд ашиглуулахаар, Сонгино, Баянхайрхан, Тэс сумдад согтуурал шалгах багажны хөрөнгийн асуудлыг орон нутгийн төсвөөс гаргуулахаар,  Баянтэс сум дахь  Цагдаагийн хэсгийн кабоны барилгыг засварлах хөрөнгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх асуудлуудыг тус тус шийдвэрлүүллээ.

Мөн Цагдаагийн газрын дарга Баянхайрхан сумын Засаг дарга Г.Алтанцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу тус сумын багуудын  иргэдийн нийтийн хурал,  багийн дарга нарын сонгууль болж байгаа үед эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэс сумын Цагдаагийн хэсгээс 2 ажилтныг түр хугацаагаар хүч нэмэгдүүлэн  ажиллуулахаар шийдвэрлэж,  Асгат сумын Иргэдийн хурлын даргаас гаргасан “тус суманд хэсгийн цагдаа шинээр томилуулан ажиллуулах, 2014 онд улсын төсвөөр тус сумд цагдаагийн кабоны байр шинээр бариулах саналуудыг  холбогдох албан тушаалтанд уламжлахаар болов.

  Гурав.Иргэдээс  гаргасан нийтлэг санал хүсэлтүүд:

  1. Архидан согтуурах явдал түгээмэл байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй архины цэг салбарын тоог цөөрүүлэх саналыг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлах. Цэцэн –Уул, Баянтэс, Тэс, Асгат сумдад иргэд зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байгааг илрүүлэн, үйлдлийг таслан зогсоох. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх.
  2. Насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байгаа явдлыг таслан зогсооход чиглэсэн тодорхой арга хэмжээ явуулах.
  3. Мотоциклыг улсын дугааржуулах, баримт бичгийн зөрчилгүй болгох.
  4. Тэс сум дахь Цагдаагийн хэсгийн байрны халаалтын зуухыг солих.

Дөрөв. Бусад ажил.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар Тэс сум дахь  Арц суурийн гаалийн хороонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, тэнд ажиллаж буй хил, гаалийн ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус гаалийн хорооны  дарга Нямсүрэн :”Арц суурийн гаалийн хороо нь байнгын үйл ажиллагаатай боомт тул тус боомтод цагдаагийн офицер томилуулан ажиллуулах” саналтай байгаагаа илэрхийллээ.

Түдэвтэй сумд Хойд бүсийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 9 сумын 12 багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож,  6 төрлөөр авхаалж самбаа, оюун ухаан, хурд хүчээ сорьсоноос Түдэвтэй сумын “Гэрлэн дохио” баг тэргүүлж цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Сантмаргац сумын “Хөдөлгөөн“ баг дэд байранд шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,  Түдэвтэй сумын “Гарц” баг  гутгаар байранд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Сонгино сумын “Гэрлэн дохио“ баг тусгай байранд шалгарч  өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдад батламж  гарын бэлэг гардууллаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан сургалт, сурталчилгаа, уулзалт цэнгүүн, уралдаан тэмцээнд нийт 4000 орчимд  иргэд хамрагдлаа.

Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баярмаа

Төрийн байгууллагуудын мэдээлэл