ШУУРХАЙ ХУРАЛДААН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2013-06-10 17:59:48

  Энэ долоо хоногийн шуурхай хуралдаан аймгийн Онцгой байдлын газарт боллоо. Тус газрын орлогч дарга, Онцгой байдлын хурандаа Т.Чулуунбаатар хэлтэс, албадын дарга нарт өөрийн байгууллагадаа хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг тайлагнасан юм. ОБГ нь Гал унтраах 12, 45 гэсэн анги, Хархорин, Сант сум дахь Улсын нөөцийн салбар зэрэгт нийт 69 алба хаагчидтайгаар 2013 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгслэл ашиглаж, үйлчилгээг сайжруулах”, “Алба хаагчдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ур чадварыг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлнэ” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  Тус байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг багагүй анхаарч, зарим гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлснээр үсчин, цайны газар, талхны цех зэргийг ажиллуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа ба 4 алба хаагчид хувийн эзэмшлийн газар авахад нь тусалж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 1 албан хаагчид аймгийн Онцгой комиссоос 5 ханатай гэрийн мод /350000 төгрөгийн үнэтэй/ олгуулжээ. Мөн Тарагт, Төгрөг сумдын ЗДТГ-тай тохиролцон 6 албан хаагчид 2,5 га газар түрээсээр эзэмшүүлснээр 21 тн 250 кг төмс, хүнсний ногоо хураан авч 11 сая 625000 төгрөгийн орлого олсон бол “Батбаян хангай” ХХК-тай хамтран ажиллаж, 26 албан хаагчдад 104 м3 түлээ, 10 албан хаагчдад 30 тн нүүрсийг зах зээлийн үнээс 15-20 хувиар хямд үнээр авах гэрээ байгуулан ажилласан байна.

  Энэ мэтчилэн ажилчид, алба хаагчдынхаа урам зоригийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Миний сайхан хань” уран зургийн уралдаан, таримал цэцгийн уралдааныг зарлаж, эхний гурван байр эзлэсэн алба хаагчийг үндсэн цалингийн 20 хувийн урамшууллаар 1-3 сар хүртэл шагнажээ. Шуурхай хурлаар тус байгууллагад хийгдэж буй олон шинэчлэлийн ажлаас хэлтэс, албадын дарга нар санаа авч, бас сониорхсон асуултандаа хариулт авлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл