БЗД-ийн 16-р хорооны өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо

Нэмэгдсэн: 2018-12-07 06:52:14

БЗД-ийн 16-р хорооны өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм.

Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна.

Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны 25490 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Өнөөдрөөс эхлэн иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой болж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг, Япон, Монголын нийгэмлэг болон иргэд, байгууллагуудын тусламжтайгаар 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү тоног төхөөрөмжийг өнөөдөр 16-р хорооны ӨЭМТ-д гардуулан өглөө. Бид эдгээр аппарутуудыг авахдаа иргэдээс авсан судлагаан дээр үндэслэсэн. Дүүргийн эмнэлэгт иргэд очиж шинжилгээ өгөхөд оочер дараалал ихтэй, хариу удаан гардаг зэрэг гомдол их иржг байсан. Өнөөдрөөс эхлэн 16, 19-р хорооны иргэд, оршин суугчид дүүргийн эмнэлэг рүү явалгүй, ачаалал багатай өрхийн эрүүл мэндийн төв дээрээ шинжилгээ өгөх боломжтой болж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл