Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байраа хүлээн авлаа

Нэмэгдсэн: 2018-11-15 07:29:09

Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байраа хүлээн авлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байртай болж, өнөөдөр хүлээн нээлтээ хийлээ. Шинэ байрны нээлтийн ажиллагаанд нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон албаны хүмүүс оролцлоо.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс 1989 онд байгуулагдсан. Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг анги юм. Тус ангийн хувьд өөрсдийн гэсэн зориулалтын байргүй, автомашины зогсоолд ажилчид цуг байрладаг байсан хүндхэн нөхцөл байдалтай байсан бол ийнхүү шинэ байранд ороод байна.

Баганхангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах “Бид өмнө нь гражийн зориулалттай барилгад 29 жил байсан. Өнөөдөр гал унтраах зориулалтын барилгатай болж байгаад их баяртай байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна, ажиллах нөхцөл бололцоо нэмэгдэж, сургалт сурталчилгаа явуулах, иргэдэд үзүүлэх гамшиг ослын нөлөөлөл илт сайжирна. Өмнө нь бид автомашины зогсоолын орчинд машины тос, угаартай нөхцөлд ажилладаг байсан. Шинэ байранд ажилчдын амрах байр, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр гээд стандартад нийцсэн шинэ барилгатай болж байна” гэлээ.

Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Гал унтраах зориулалт бүхий 4 автомашины зогсоолтой, ажилчдын өрөө, бялдаржуулах танхим бүхий 1399 м/кв хоёр давхар иж бүрэн цогцолбор юм.

Багахангай дүүрэг он гарсаар нийт 17 удаагийн гамшиг ослын дуудлагаар ажиллаж, 12 хүний амь насыг аварч, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 13.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгаас авран хамгаалжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл