“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Нэмэгдсэн: 2018-10-17 09:14:10

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.

Эдгээр зорилтуудын хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд оролцох бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод хүлээн авна.

Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болох юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, нийслэлийн Засаг захиргааны V байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

Шуудангийн хаяг: youthdevel@youth.ub.gov.mnХолбоо барих утас: 97125557, 98125557

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл