“Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болов

Нэмэгдсэн: 2018-05-03 08:00:14

“Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болов

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ыг зарладаг уламжлалтай. Монгол Улсад 2002-2017 оны хооронд гарсан 5900 үйлдвэрлэлийн  осолд нийт 6464 иргэн өртсөнөөс 50.1 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.
Тиймээс ХНХЯ, НХЭГ, ХАБЭАҮХ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны  хооронд энэхүү сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан.


Тус сарын аяны хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  НЗДТГ, НМХГ, МАОЭНХ, нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран  эрүүл аюулгүй ажлыг байрыг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч З.Энхтөр  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамж гарч,  сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд, зорилтот бүлгийн иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж,  хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага тараах материал боловсруулж хэвлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хийсэн.  Мөн дүүрэг бүр өөрсдийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр аяныг зохион байгуулан ажиллаж байна” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төр  засгийн бодлого, шийдвэрүүд, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд “Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал”, “Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлууд” , “Сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажил”, “Ажлын байрны сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт , зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл