УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажиллав

Нэмэгдсэн: 2018-04-25 09:09:06

УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд  ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 24-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт байрладаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Энхтөр Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр хийгдэж буй ажил, тоо мэдээ болон “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн  хэрэгжилтийг товч танилцуулсан.  

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсч, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой асуудлаар байгууллагуудын удирдлагуудаас болон холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодруулж, санал дүгнэлт өгөв.

Ажлын хэсгийн ахлагч гишүүн Д. Ганболд “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хийгдэж байгаа ажил, чиглэл болгон дээр санал гаргаж, салбарын хэмжээнд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналаа ажлын хэсэгт ирүүлж байхыг тэмдэглэсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт: Иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгч, хуулийн төсөлд саналаа тусган Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэх мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд хөдөлмөрийн боловсрол олгох шаардлагатай байгаа” хэмээлээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан залуучууд, ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр ямар үр дүнд хүрсэн ажил хийж байгаа талаар тодруулан хөдөлмөрийн боловсрол, хөдөлмөрийн тухай ойлголтыг олон нийтэд таниулах, нэгдсэн ойлголттой болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Уузалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд хэлсэн үгэндээ ажил явуулахад тулгамдаж байгаа асуудлаар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх, анхан шатны нэгжид тулгарч байгаа асуудал, ажил хайгчид тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдвэрлэх тодорхой саналаа Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлж тухай бүр нь шийдвэрлүүлэх мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн байгууллагуудаас тодорхой санал тусган ажиллах хэрэгтэйг тэмдэглэсэн гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл