Хотын дарга иргэдтэй уулзлаа

Нэмэгдсэн: 2018-04-24 06:32:54

Хотын дарга иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдтэй 14 тутамд уулзаж санал хүсэлтийг сонсдог. Хотын даргын ээлжит уулзалт өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн  “Мишээл экспо” дахь салбарт болсон.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн А.Батцэцэг “Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Бид байшингаа буулгаж, цахилгаан халаалтын системээр дулааны асуудлаа шийдсэн. Бохирыг хөрс, орчинд хор хөнөөлгүй цементэн байгууламж руу шахдаг болсон. Тиймээс ойр орчны айл өрхүүдээ санаачлан, хамтран энэ ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна. Иргэдийг үүргээ биелүүлж дээрх ажлыг хийхэд хотын захиргаа, харьяа байгууллагуудаас арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын зүгээс амины орон сууцыг стандарттай болгох бодлого баримталж байна. Одоо ямар нэг стандартгүй иргэд өөрсдийн хүссэн материалаар барьж байгаа. Стандартын дагуу барьсан байшинг үл хөдлөх хөрөнгө хэмээн бүртгэдэг тогтолцоотой болох юм. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ ажлыг бий болгох хэрэгтэй. Агаарын бохирдол гэдэг өөрөө гэнэт үүсээд бий болсон зүйл биш. Амьжиргааны түвшин, иргэдийн амьдралын хэвшилтэй холбоотой. Иргэд өөрсдөө энэ асуудлаас гарах арга замаа хайж байгаа нь сайшаалтай байна. Таны асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаарай” гэв.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах “Дэд бүтцийн” төв төсөл нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Иргэдийн өөрсдийн санаачлагаар инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцны болох боломж бүрдэх юм. Санал тавьсан тухайн иргэн айл хөршүүдээ бүлэг болон нийлбэл санаачлагыг дэмжиж “Дэд бүтцийн төв” төсөлд санал авах боломжтой юм.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Баатар 2014 оноос зөгийн аж ахуй эрхлэхээр туршлага хуримтлуулжээ. Монголын зөгийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ашиглаж эхлээгүй боловч, олон улсад хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой зөгийн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Зөгийн аж ахуйг байгуулахад шаардлагатай газар олгох боломжтой эсэх талаар саналаа хэлсэлсэн.

Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэх нь ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлж, хөрсний доройтлыг бууруулахад ач холбогдолтой учир тус санаачлагыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн С.Баяр иргэдэд цахимаар өмчлүүлсэн газраас нэгээс хоёр байршил сонгон авч, жишиг төлөвлөлт, дэд бүтэц, тохижилтыг бий болгох ажилд нийслэлээс баримталж буй бодлого зохицуулалтыг хийлгэх, хамтран ажиллах талаар хотын даргад хүсэлтээ уламжиллаа.

Иргэн С.Баярын санал санаачлага, түүний үүсгэн байгуулсан ТББ-ын оролцоотой цахим газар өмчлөл болон өмчилсөн байршлуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах, хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэх, хөгжүүлэх талаар хамтарч ажиллах боломжтой гэдгийг Газрын албанаас үзэж байна.

Иргэн Н.Энхтуяа нийслэлийн агаарын бохирдол, иргэдийн амьдрах орчны нягтрал их байгаатай холбогдуулан морингийн даваанд шинэ суурьшлын бүс бий болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой Хөшигийн хөндийд баригдаж нисэх онгоцны буудлын цэвэрлэх байгууламжтай суурьшлын бүс орчмын бохирын шугамыг холбоход нийслэлийн зүгээс туслалцаа үзүүлэх боломжтой эсэх талаар хүсэлтээ илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэний хүсэлтийн дагуу асуудлыг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бохирын шугамыг шинэ нисэх онгоцы буудлын цэвэрлэх байгууламжтай холбох инженерийн болон техникийн нөхцөл ямар байгааг судлах үүргийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө. Мөн газартай холбоотой үүсээд байгаа асуудлыг газрын алба шийдвэрлэнэ. Хүсэлтээ тавьж, бидэнтэй уулзаж байгаа та бүхэнд баярлалаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл