Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2018-04-21 05:29:52

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон.

Тус арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн 90 минутын  их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  ажил юм. Энэ жилийн хувьд 90 минутын хугацаанд буюу 11.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэх, арчлах хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион  байгуулалтад нэгэн зэрэг орж буйгаараа онцлог болж байна. 90 минутын дараа зохион байгуулагч ажлын хэсгийнхэн  нийтийн эзэмшлийн талбайгаар явж нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон аж ахуйн нэгж, иргэд хэрхэн идэвхтэй оролцсоныг дүгнэнэ. Ингээд Улаанбаатар хотын өнгө зүс ямар болсныг 90 минутын дараа эргэн цугларч үр дүнгээ танилцуулах юм. Цаашид бид энэ ажлыг тогтсон хугацаанд, тодорхой орон зайд нэгэн зэрэг хамтран зохион байгуулж байх болно. Энэ жилийн хаврын бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн. Бид өглөөний 06.00 цагаас  эхлүүлэн Улаанбаатар хотын шилмүүст том оврын 4000 гаруй модны цэнэгт усалгааг хийлээ. Ирэх сарын дундуур шилмүүст модоо шүршиж угаан өнгө үзэмжийг сайжруулах бөгөөд  цаашид цэнэгт усалгаа, бордоо, дусал зэргийг залгаж технологийн дагуу арчлах болно” гэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцсон.

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайвны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээллийн технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр, нийслэлийн Газрын алба Хараагүйчүүдийн гүүрнээс баруун тийш төв зам, Минж нутагшуулах төслийн нэгж ОНӨҮГ-ынхан Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу Сэргээн засах төв хүртэлх талбайг цэвэрлэв  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл