Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангалаа

Нэмэгдсэн: 2018-02-23 07:24:16

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангалаа

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар  “Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг  сонсож, хэлэлцлээ.  Агаарын бохирдолыг бууруулах газрын дарга  Б.Цацрал  хэлэхдээ”  Өнгөрсөн нэг сарын хугацаанд  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсийн  1,2 дугаар бүсэд хамаарч байгаа  ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгийн танхим,  эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд  5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ.  Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг  9 аж ахуй нэгжтэй  байгуулсан байна. Түүнчлэн  зөвхөн  дээрхи бүс гэлтгүй  нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс  908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг  сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон  агаар цэвэршүүлэгчийн  ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ гэж  Засаг даргын зөвлөлийн гишүүдэд  танилцууллаа.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг  хязгаарлах гэж байгаатай холбогдуулан  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж байна. Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий  16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон  үйлдвэрлэх бололцоо бүхий  8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ний 2 уурхайтай газар дээр нь очиж танилцсан байна.  Ажлын хэсэг  дүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн  11 аж ахуй нэгж жилдээ  300 мянган тонн  сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  Мөн Дулааны 2-р цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр  200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан  гэдгийг танилцууллаа.

Нийслэлийн нийтийн тээврийг хүртэл эко болгох ажлын хүрээнд “ Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг  хийгээр ажилладаг  тэжээлийн системтэй  6 автобусаар  үйлчилж эхэлсэн.  Цаашид ч  энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг хэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр  хийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээ  хяналт мониторинг сайн хийгдэж байна гэдгийг  Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд  хэлэхдээ ”Сар тутам агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа  Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн. Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд  мэдээлж, сургалт сурталчилгааг  хийж байх шаардлагатайг онцоллоо.  Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ  зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй  гэдгийг ч тодотголоо. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох  гэж байгаатай холбогдуулан сайжруулсан  шахмал түлшний нөөцийг бүрдүүлж,  үнэ тарифын судалгааг хийх ёстойг анхаарууллаа“ гэж  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл