“Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

Нэмэгдсэн: 2017-11-24 09:46:01

“Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба  органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

“Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна.

Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх,  олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, олон улсын органик үйлдвэрлэл, баталгаажуулалтын чиглэлээр мэргэшсэн Итали улсын иргэн Лорензo Пэрис явуулах бөгөөд сургалтад үйлдвэрлэгч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын 150 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох ба бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж дууссан.

Органик хүнсний үйлдвэрлэл нь  хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгэм эдийн засгийн  ач холбогдолтой, мөн органик үйлдвэрлэлд ионжуулагч цацраг, хувиргасан амьд организмыг  хэрэглэхийг зөвшөөрдөггүй төдийгүй зөвшөөрснөөс бусад бодис хэрэглэхийг хориглодог учраас цэвэр, байгалийн гаралтай хүнсээр хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Дэлхийн 172 улсад органик үйлдвэрлэл эрхэлж, 2.3 сая фермерүүд 43.7 сая.га талбайд 80 тэрбум америк долларын органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний  үйлдвэрлэл жил бүр 20 гаруй хувийн өсөлттэй байна. Цагаан будаа, малын тэжээл, тосны ургамал, кофе, чидун жимс, хүнсний ногоог органик аргаар хамгийн их тариалдаг бөгөөд зэрлэг жимс, эмийн ургамал, үнэрт ургамлыг байгалиас түүдэг.

Органик хөдөө аж ахуйн салбар хамгийн сайн хөгжсөн  улс орны тоонд Австри, Лихтенштейн, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг бөгөөд нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газрынх нь 10%-иас дээш нь органикаар баталгаажсан 10-аад улс байна. АНУ, Герман, Франц улсад органик бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг ба 1 хүнд ногдох органик бүтээгдэхүүний борлуулалтаар Щвейцарь, Дани, Люксембург тэргүүлдэг.

Дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа боловсруулагдаж, олон улсад итгэмжлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн 549 баталгаажуулалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл