Төрийн үйлчилгээ нийслэлийн иргэдэд илүү ойртлоо

Нэмэгдсэн: 2017-09-26 13:23:10

Төрийн үйлчилгээ нийслэлийн иргэдэд илүү ойртлоо

Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг.

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, чирэгдлийг арилгах захирамж гаргасан билээ. Тодруулбал, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад тус тус үүрэг болгосон юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан нэгэн шинэ системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Уг систем нь иргэний мэдээлэл, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгах боломжтой бөгөөдиргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл