Хотын дарга 73 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо

Нэмэгдсэн: 2017-09-15 14:19:01

Хотын дарга 73 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол  өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов. 73 дугаар сургууль нь 60 жилийн насжилттай 470 хүүхдийн суудалтай байсан бол шинэ байр нь 960 хүүхдийн суудалтай болж томорсон байна.

Нээлтийн үеэр хотын дарга “Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд аа.  Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нартаа болон эрдмийн оргилруу тэмүүлэн сурч хүүхэд багачууд та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

2017 онд нийслэлд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал маань 10680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль цэцэрлэгийн их засьарын алыг 2.7 тэрбум төгрөгөөрхийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Баянгол дүүрэгт 960 хүүхдийн суудалтай 73 дугаар сургууль маань ашиглалтад орж байна. Ингэснээр “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна. Өнгөрсөн онд 31 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 26 болж таван сургуулийг гурван ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөр батлагдан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан. 73 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дугуйлан хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Та бүхний эрдийн гэрэлт зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөө хийх их үйлс чинь үргэлж мандан бадрах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.

73 дугаар сургуульд 2016-2017 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид 205 хүүхдийг шинээр элсүүлэн авсан байна.

“Бид та бүхний бүтээн байгуулж өгсөн шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа Монгол уламжлалт ёс заншилаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, Монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ахиц амжилтыг гаргаж та бүхнийхээ сонорыг мялаах болно” хэмээн 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл