НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ажиллалаа

Нэмэгдсэн: 2017-05-19 16:00:31

НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр  Багахангай дүүрэгт ажиллаж,  иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Ажлын хэсэгт  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал,  НЗДТГ-ын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн О.Уранчимэг, Хэсэгчилсэн инженерийн бодлогын газрын дэд дарга Н.Одончойж нарын албаны хүмүүс багтсан юм.

Багахангай дүүргийн “Илч-Орд” НӨҮГ ажил байдалтай танилцсанаар ажлын хэсгийн ажил эхэлсэн юм. Тус газрын ахлах инеженер “Илч-Орд” НӨҮГ-ын үйл ажиллагаа, төвлөрсөн халаалт болон зуухны насжилтын нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.

Үүний дараагаар ажлын хэсэг тус дүүрэгт шинээр  засварласан болон засвар хийх шаардлагатай  орон сууцны барилгын үйл явцтай танилцлаа.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ " Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу  өнөөдөр  Багахангай дүүрэгт ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  бид  хэд хэдэн асуудлыг чухалчлан шийдвэрлэхээр болоод байгаа. Нэгдүгээрт, Багахангай дүүрэгт байгаа газар өмчлөлийн асуудал. Хоёрдугаарт, нэгдүгээр хороонд байрлах орон сууцны барилгын засварын ажил, дулаан төвлөрсөн халаалтын үйлдвэрийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.

Мөн Багахангай дүүрэгт үйлдвэр технологийн парк бий болгох ажлын хүрээнд "Үйлдвэр технологийн парк"-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд Нийслэлийн төсвөөс 145 сая төгрөг төсөвлөсөн. Мөн Богдхаан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийн тулд хоёр ажлын хэсэг байгуулсан байгаа.

Автозамын ажлын хувьд   255 сая төгрөгийн өртөгтэй, 3,5 метрийн өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй, 1,5 метрийн явган хүний зам бүхий 0,27 км автозам баригдана. " хэмээлээ.

Багахангай дүүргийн Засаг дарга  С.Эрдэнэбаяр " Багахангайчууд Нийслэлийн удирдлага, УИХ-ын гишүүд, Нийслэлээс сонгогдсон төлөөлөлтэй нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны төвлөрсөн халаалтын үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халаалтын зуухны насжилт болон нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр байрны бодит байдалтай танилцлаа.

Өчигдөр НИТХ-ын хуралдаанаар, Багахангай дүүрэгт нэгдүгээр хорооны төвлөрсөн халаалтын 400 метр шугамын асуудлыг 207 сая төгрөгөөр хийж хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. Мөн Хот тохижилтын алба, орон нутгийн хөгжил үйлдвэрийн газарт 100 сая төгрөгөөр хоёр техникийн хөрөнгийг шийдсэн бөгөөд хүн эмнэлгийн барилгын тендер зарлагдсан байгаа. " хэмээлээ.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс боловсролын салбарын асуудал, багшийн ёс зүйн хороотой болох, ахмадын өргөөны барилга, газар өмчлөл зэрэг асуудлуудыг ярьж газар дээр нь хариулт авч, хэрхэн шийдэх талаар санал бодлоо хуваалцсан юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл