Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат : Нийтийн тээврийн парк шинэчлэлийг үе шаттай хийхдээ агаар, орчны бохирдолыг бууруулах чиглэлд анхаарна

Нэмэгдсэн: 2017-03-17 17:28:04

Зам, тээврийн хөгжлийн сайд  Д.Ганбат : Нийтийн тээврийн парк шинэчлэлийг  үе шаттай хийхдээ агаар, орчны бохирдолыг бууруулах чиглэлд анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр  Нийтийн тээврийн  газрын дарга Д. Отгонбаатар нар өнөөдөр  Хан Уул дүүрэгт ажиллах үеэрээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Нэгтгэлийнхэн үйл ажиллагаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа салбарын сайддаа танилцуулав.

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367 тээврийн хэрэгсэл бий.  Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнхи нь насжилтын хугацаа дуусч байгаагаас гадна тоног төхөөрөмж  нь  ч олдохоо больсон, хэтрүүлж хэлбэл  үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй  болсон учраас парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг  хэллээ. Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед шинэчилсэн тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ засвар үйлчилгээний сервис хамтдаа  байлгах зарчмыг барих нь чухал  гэдгийг инженерүүд  салбарын сайдад хэлсэн.  Манайхан парк шинэчилнэ гээд баахан автобус аваад ирдэг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг, засвар үйлчилгээнд орхигдож  байдаг.  Орос ах нарын, урд хөршийн, Солонгос, Японы автобусыг засварлах шинэчлэхэд  манай инженерүүд  мундаг. Түүнчлэн парк шинэчлэлээс гадна боловсон хүчнийг бэлтгэх, сургах хэрэгтэй байна.” гэлээ.

Зорчигч тээврийн нэгтгэл гэлтгүй нийтийн тээврийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Өнөөдөр  автобусанд төлбөр төлж суудаг иргэн ховордсон. Дан төрийн хөнгөлөлтөнд  хамрагдах болсоны зэрэгцээ “Смарт” гээд сайхан нэртэй ухаалаг картаас үүдэн санхүүжилтийн  бөөн маргаан хувийн компани, төрийн хооронд үүсэх болсоныг хэллээ. Шулуухан хэлхэд нийслэлийн төсөв хөрөнгөний тал хувь нь шахуу иргэдээ нийтийн тээврээр зорчуулахад зарцуулагдаж, компаниудад татаас хэлбэрээр өгч байгаа юм. Шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх  шаардлага бий гэдгийг ч нуусангүй.  Өнөөдөр нийтийн тээвэрт огт хэрэггүй автобус байгаа нь “Улаанбаатар урт  автобус” гэдгийг  хэлж байна.  Беларусь улсаас оруулж ирсэн уг автобус нь багтаамж, зай талбай бага. Мөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж байхгүй.  Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Тээвэр хийхээс илүүтэй тээг болсоныг ч онцоллоо. Дахин ийм хөрөнгө оруулалт нийтийн тээвэрт хийхгүй байхыг ч хүссэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зорчигч тээврийн нэгтгэлийн техник, сэлбэг хэрэгсэл хуучирсан, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байгааг хэлээд “Үүнийг яам бодлогын хүрээнд анхаарах хэрэгтэй. Солонгосын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд манай улсад шинэ автобуснууд орж ирнэ. Манай яамны зүгээс автомашинаас ялгарч байгаа утааг багасгах зорилгоор дизель хөдөлгүүртэй биш хийн түлшээр ажилладаг автобус оруулж ирэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Бид үе шаттайгаар нийтийн тээврийн хэрэгслийг дизелээр биш хийгээр ажилладаг болгох бодлого баримтална.” гэлээ.

Үүнээс гадна өдөрт нийтийн тээвэрт явж байгаа 900 гаруй автобусны 300 гаруйг нь механикжсан хэрэгслээр, үлдсэн 600 орчим автобусыг жолооч нар гараараа угаадаг байна. Үүнийг халж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх цаг болсныг Зам тээврийн хөгжлийн сайд хэлсэн юм. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээг хангах үүднээс энэ салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, гадны шинэ техник технологийг судалж, нэвтрүүлэх тал дээр яам бодлогоор анхаарна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл