Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

Нэмэгдсэн: 2017-02-16 15:20:54

Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа.

БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” хэмээв.

Баянзүрх дүүргийн 20-р хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг аж. Авто машины татвар хурааж эхэлснээс хойш идэвхтэй ажиллаж дүүрэгтэй тэргүүлж байгаа гэдгийг хорооны засаг дарга хэлж байлаа.

Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран сүүлийн таван жил ямар нэгэн татвар, төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ордоггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах арга хэмжээг авч эхэлсэн байна. Хэрэв таны нэр дээр хэрэглээнээс гарсан, хуучирч муудаад ашиглахаа байсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай аж. Учир нь хэрэглэдэггүй хэдий ч таны нэр дээр татварын өр, хуримтлал үүсч байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Хуульд заасны дагуу авто тээврийн хэрэгслийг ашигласан үгүйгээс үл хамааран албан татвар төлбөрийг ногдуулсаар байгаа. Иргэдийн хувьд ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахгүй хадгалаад байдаг. Энэ байдлаар үргэлжилсээр албан татвар, төлбөрийн өр үүсээд явж байна гэсэн үг юм. Тиймээс ашиглахаа байсан тээврийн хэрэгслээ цаг тухайд нь улсын бүртгэлээс хасуулж байгаарай гэж уриалмаар байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
2017-03-22 15:35:19

Мэндчилгээ

Төрийн байгууллагуудын мэдээлэл