Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги аваргаллаа

Нэмэгдсэн: 2017-02-16 10:14:39

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги аваргаллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд гал унтраах техникийн олон төрөлт болон бусад спортын мастер 25, дэд мастер 32, спортын цол зэрэгтэй 45 тамирчин оролцсон нь багуудын чансаа ахиж , өрсөлдөөнтөй байлаа.

Тэмцээн тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги шалгарч алтан медаль, өргөмжлөл,  шилжин явах цом, 1.000.000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл,  800.000 төгрөгөөр, гуравдугаар байрыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр анги шалгарч хүрэл медаль, өргөмжлөл,  600.000 төгрөгөөр шагнуулсан.

Мөн  гал унтраах тархалтын цэгт хамгийн богино хугацаанд үүрэг гүйцэтгэж амжилт үзүүлсэн СХД-ийн ОБХ-ийн ГТУА-х 29 дүгээр ангийн гал сөнөөгч а/а Н.Баасандэмбэрэл, а/ч О.Одбаяр, а/ч С.Баттулга, д/а М.Тогтохбаяр, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх аврах ажиллагааны цэгт хамгийн богино хугацаанд үүрэг гүйцэтгэж амжилт үзүүлсэн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга  д/ч Ж.Баярмагнай, аврагч а/а А.Энхмэнд, а/а Х.Цогбадрах, д/а Ц.Даваабат нарын сарын үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн сайшаав.

Тэмцээний үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Г.Ариунбуян, дэд дарга,  хурандаа П.Баттогтох, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар оролцож тамирчдад шагнал гардуулсан.

Жил бүр марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгуулснаар нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл сайжирч, тэсвэр хатуужил олгон, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэг дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл