Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН  ДАРГА Д.БАЯРСАЙХАН (ярилцлага)

1.  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан  танай газрын бүтцэд өөрчлөлт хийж “ерөнхий” гэсэн статустай боллоо. Шинэчлэгдсэн бүтэц бүрэлдэхүүнийхээ тухай танилцуулна уу?

Манай байгууллага Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар нэртэй болж, бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн хийлээ. Өнөөгийн байдлаар манай байгууллага нь нийт 56 орон тоотойгоор ажиллаж байна. Зохион байгуулалтын бүтцийн хувьд дарга, 2 дэд даргатай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Хяналт, шалгалт дотоод аудитын газар, Санхүү бүртгэлийн газар, Төрийн захиргааны газар гэсэн 5 газартай. Мөн Мэдээлэл, сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Салбар нэгжийн хувьд Нийслэлд Нийгмийн халамж, үйлчилгээний газар, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд, сум, хороонд нийт 1538 нийгмийн ажилтан ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалтын хүрээнд төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн ажиллагсдыг тангараг өргүүлэн,  батлагдсан орон тоонд ажилтнуудыг бүрэн авч ажиллуулж байгаа бөгөөд үйл ажиллагаа жигдэрч байна.

2.  Өмнө хариуцан ажиллаж байсан асуудлыг үргэлжлүүлж хариуцах байх, мөн ерөнхий газар болсноор цаашид хийх үйл ажиллагаа, зорилго, зорилтод өөрчлөлт орж, илүү өргөн хүрээг хамрах байх. Энэ талаар?

Байгууллагын эрхлэх асуудал өөрчлөлттэй холбогдуулан байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд нилээд өөрчлөгдсөн. Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн биелэлтийг ханган үйлчлүүлэгчдэд ёс зүйтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авах, асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцлийг бүрдүүлэх нь манай байгууллагын эрхэм зорилго юм. Мөн нийгмийн хамгааллын салбарын хувьд гэр бүлийг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж байна. Үүний хүрээнд нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлд чиглэсэн нийгмийн халамжийн цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээнүүдийг хөгжүүлэх талаар бодлого, холбогдох журам, дүрмийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Цаашид Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх чиглэлийг баримталж ажиллана.

3.  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан хагас жилийн хугацаанд хийсэн томоохон ажлаасаа дурьдахгүй юу?

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хагас жилийн хугацаа өнгөрч байна. Бид ч чамгүй олон ажлыг амжууллаа.  Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын Улсын зөвлөгөөнийг 2012 оны 11 сард зохион байгуулж, өмнөх ажлынхаа алдаа, оноог хэлэлцэж, цаашид хийх ажлаа оновчтой төлөвлөж, тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар чуулганы зөвлөмжид тусган хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн хийж, шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллалаа. Мөн хүн амын бүлгүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулж, эндээс цаашид баримтлах бодлого хөтөлбөрөө тодорхойлж, авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа.

Цаашид нийгмийн халамжийн үйлчилгээг шинэ шатанд гарган, хөдөлмөрийн чадвартай иргэдийг хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлж, зорилтот бүлгийг оновчтой тодорхойлон, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэдэд очих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны наад захын хэрэгцээг хангахуйц болгон нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллана.

4.  Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх ажлыг хийхэд юу шаардлагатай юм бол? Үүнийг юу гэж тодорхойлох вэ?

Үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, нийгмийн халамжийн үйлчилгээг шинэчлэхэд дараах хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай.

1.  Зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өрхийн амьжиргааны түвшнээр ангилсан Салбар дундын мэдээллийн санд үндэслэн үйлчилгээний төрөл, хэлбэрээс хамааруулан босго оноог ялгаатай тогтоож зорилтот бүлгийг оновчтой тодорхойлно.   

2.  Үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх ёстой. Үүний тулд холбогдох эрх зүйн орчинг шинэчлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бий болгох, үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх нь чухал байна. 2013 онд багтаан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгож, судалгаанд бүх өрхийг хамруулах бөгөөд өрхийн амьжиргааны түвшнээр ангилсан Салбар дундын мэдээллийн санг бүрдүүлнэ. Энэ нь зөвхөн нийгмийн халамжийн салбарт бус салбар дундын мэдээллийн сан бүрдэхээрээ онцлог юм.

3.  Нийгмийн ажлын үйлчилгээг мэргэжлийн болгох шаардлагатай. Үүний тулд нийгмийн ажилтнуудыг нормативын дагуу авч ажиллуулах шаардлагатай байна. Дэлхий нийтийн жишиг нь 600 хүн ам тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд өнөөгийн байдлаар нэг нийгмийн ажилтанд 3000-8000 хүн ам ноогдож байна. Нийгмийн ажилтны тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа боловч ирэх оны төсөвт 208 орон тоо нэмэх шаардлагатай байгаа.

4.  Эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Нийгмийн халамж хавтгайрсан гэж их ярьдаг боловч үнэн хэрэгтээ нийтлэг шинжтэй үйлчилгээнүүд дийлэнх хувийг эзэлж, яг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдэд хүрэх тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага байдаг.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үйлчилгээ зохих эзэндээ хүрэх, шат дамжлага буурах боломжтой. Гэхдээ эдгээр ажлуудыг хийхэд төсөв, хөрөнгө шаардлагатай байгаа.

5.  Иргэдийн санал бодлыг сонсох, мөн бусад дүүрэг аймгуудын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдтэй харилцах, хоорондын уялдаа холбоо, нэгдсэн бодлогын талаар баримталж буй чиглэл?

Нийгмийн ажилтнууд албан контортоо сууж ажиллах бус нийгмийн ажлын үйлчилгээ шаардлагатай газарт хүрч үйлчилгээг үзүүлэх зорилго тавьж байна. Бид аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, сум, хорооны нийгмийн ажилтнуудаараа дамжуулан иргэдийн санаа бодлыг сонсож, бодлого үйл ажиллагаандаа тусган иргэдэд нээлттэй үйлчилж ажилладаг. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвийн мэдээллийн лавлах хариуцсан ажилтныг томилон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна. Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хяналт, шалгалт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн ажиллаж иргэдийн мэдээлэл дээр тулгуурлан холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Мөн аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдтэй дотоод сүлжээгээр холбогдон мэдээлэл солилцож байгаа ба цаашид онлайн систем, онлайн програм хангамжуудыг нэвтрүүлэхээр зарим донор байгууллагатай хамтран ажиллаж байна.

6.  Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та харж байна вэ?

Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэхийн тулд зорилтот бүлгээ зөв, оновчтой тодорхойлох нь хамгийн чухал. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг боловсронгуй болгож, өрх-иргэний амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг шинээр хийж, салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх, програм хангамжийг шинэчлэхээс ажлаа эхлэх шаардлагатай. Ер нь нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрлийг олшруулахаас илүүтэй хөгжлийн үйлчилгээнүүдийг түлхүү үзүүлэх чиглэлийг баримталж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүний тоо 5 дахин, хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгдсэн боловч ядуурал дорвитой буурахгүй байгаа нь бид цаашид үйлчилгээг өөр чиглэлээр үзүүлэх шаардлагатай болсныг харуулж байна. Иймээс хүнд зүгээр юм өгөхөөс илүүтэй өөрийнх нь оролцоотой хөгжүүлэх, чадавхижуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлийг хийхийн тулд маш сайн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатай, бас үүнийг хийхийн тулд зохих хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа. Ер нь төрийн зүгээс зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай хүн амын бүлгүүд болох ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээнүүдээс гадна хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр гэр бүлийн хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг барьж байгуулах, төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хөгжлийн үйлчилгээг түлхүү үзүүлэхээр төлөвлөж Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулан ажиллаж байгаа.

7.  Иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэхийн тулд ажилтан албан хаагчдаас илүү мэдлэг ур, чадвар шаардагдах байх. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

Нийгмийн халамжийн үйлчилгээг шинэ шатанд гаргана гэж дээр хэлсэн. Үүнийг хийхийн тулд үйлчилгээг хүргэж байгаа ажилтнуудаа чадавхижуулах хэрэгтэй. Энэ онд нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөсөн.  Мөн тэдгээр ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна. Нормативын дагуу шаардлагатай нийгмийн ажилтнуудаа авч ажиллуулснаар ажилтнуудын ажлын ачаалал багасч, өрх, иргэнд хүрч ажиллах, хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Шаардлагатай орон тоонд нийгмийн ажилтнуудыг авч ажиллуулснаар хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн, хүнд хүрсэн үйлчилгээнүүд хөгжих боломжтой. Ингэснээр нийгмийн халамжийн үйлчилгээнээс он удаан жилээр хараат амьдарсан, магадгүй үе дамжсан ядууралтай өрх, иргэдийг өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэх замаар нийгмийн халамжийн үйлчилгээний хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл