Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУХАЙ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

    1990-ээд оноос Монгол Улс зах зээлийн  харилцаа бүхий эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн нь Монгол иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, Монгол Улсын хөдөлмөрийн  зах зээлийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд 1991- 1996 онд “Гадаадын байгууллагад ажиллагчдад зуучлах товчоо”-г байгуулан ажиллаж байлаа. Нийгмийн амьдралд зах зээлийн эдийн засгийн тогтолцоо гүнзгийрэн хөгжих явцад Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл өргөсч, гүйцэтгэх үүрэг нь  өргөжсөний учир Монгол Улсын  Засгийн газрын  1996 оны 256 дугаар  тогтоолоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Яамны харьяанд “Хөдөлмөр зохицуулалтын газар”-ыг байгуулж 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийн газар нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан.

   Монгол Улсын Их хурлаас Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжуудыг  1995 онд батлан  гаргаж, 1996 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хуулийн дагуу Хүн амын бодлого, Хөдөлмөрийн яаманд нийгмийн халамжийн хэлтэс байгуулагдан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын  1997 оны 59 дүгээр тогтоолоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны удирдлага дор Улсын Нийгмийн халамжийн  газар байгуулагдсан.

  Монгол улсын Их хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай 2004 оны 14 дүгээр тогтоол,  Засгийн газрын “Агентлаг байгуулах тухай” 2004 оны  205 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн Улсын Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улсын Нийгмийн халамжийн газрыг нэгтгэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинэчлэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

  Хүн амын зохистой өсөлтийг  дэмжих, хүний амьдралын утга учир, амьдрахуйн чанарыг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, гэр бүл бат бэх байх, үр хүүхэд эрүүл, аюулгүйн орчинд өсч хүмүүжих, уламжлалт ёс заншлаа хүндлэх, хүний эрхэд суурилсан гэр бүл төвтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд үндэсний хөгжлийн асуудлаархи ирэх 14 жилийн бодлогын гол цөм болж байна.

СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИУЛТУУД

Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс тус газар нь дараах стратегийн үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Үйлчлүүлэгчдийн амьдралд тохиолдсон нийгмийн эрсдлийг зөөлрүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, бие даасан нийгмийн халамжийн мэргэшсэн чадварлаг, ёс зүйг дээдэлсэн манлайлагч байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС

Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулан, үйлчлүүлэгчдэд ёс зүйтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авах, асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Төрийн байгууллагуудын мэдээлэл