Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР “ХОРИН ЖИЛИЙН ТУРШЛАГА, ЦААШДЫН ЗОРИЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Нэмэгдсэн: 2013-09-25 12:49:29

ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР “ХОРИН ЖИЛИЙН ТУРШЛАГА, ЦААШДЫН ЗОРИЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүссэний 20 жилийн ойн угтвар ажил болгон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл төслийн багтай хамтран Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаар ”20 жилийн туршлага, цаашдын зорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг анх удаа Улаанбаатар хотод 2013 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа. Хурлын нээлтэд УИХ, НББСШУБХ-ны гишүүн З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төрийн нарийн бичиг Б.Отгонжаргал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ульрих Герингер нар оролцлоо.

Уг эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон БНСУ, Вьетнам, Литва, ХБНГУ, Энэтхэг, Молдав, Филиппин зэрэг нийгмийн эрүүл мэндийн даатгалаараа бүс нутагтаа тэргүүлэгч орнууд оролцож өөрийн орны туршлага, ололт, амжилт, алдаа онооны талаар харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын асуудлаар бичигдсэн эрдэм шинжилгээ, судалгааны  илтгэлүүдийг хэлэлцэв.

Мөн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын засаглал, байгууллагын хөгжил, Эрүүл мэндийн даатгалын багц болон тусламж, үйлчилгээний чанар, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл болон нийгмийн зөвшилцөл, Эрүүл мэндийн даатгалын хүн амын хамралт болон шимтгэл цуглуулах үйл ажиллагаа, Эрүүл  мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаарх үндэсний бодлого төлөвлөгчид ба олон улсын зөвлөхүүдийн хэлэлцүүлэг зэрэг нэгдсэн буюу салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа.

Тус хуралдааны үр дүнд гадаадын ижил төстэй орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх эрүүл мэндийн даатгалыг шинэчлэхэд баримтлах бодлогын талаар хуралд оролцогчидтой санал солилцож, зөвлөмж, дүгнэлт авч, цаашид эрүүл мэндийн даатгалыг ирэх 10 жилд хөгжүүлэх стратегийг амжилттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах юм.        

Онол практикийн бага хуралд  Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгын Газар, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Эрүүл мэндийн байгууллагууд, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,Төрийн бус байгууллагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ийн хүүхдийн сан Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын зөвлөхүүд, судлаачид, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтэнгүүд зэрэг 180 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл