НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 Нэг. Дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.

  1.1. Бизнес эрхлэгчдийг дэмжих талаар

1.1.1. Зээлийн барьцаа, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэхэд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааг чиглүүлнэ.

1.1.2. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.

1.1.3. Дүүргийн эдийн засгийн тэргүүлэх 5 чиглэл болох сүү, мах, барилгын материал, сүлжмэл, оёдол, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг дээрх салбарт чиглүүлж, дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно.

1.1.4. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран  ажиллана.

1.1.5. Газар тариалан, төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж ажиллана.

 1.1.6.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 1.1.7. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

1.1.8. Толгойт, Баянхошуу, Өнөр бүсүүдэд стандарт шаардлагад нийцсэн хүнсний болон барааны худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулах санаачлагыг дэмжинэ.

1.1.9. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

1.1.10. Архи, тамхины болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах бүх нийтийн аян өрнүүлэх замаар эрүүл, соёлтой үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагыг дэмжинэ.

1.1.11. Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

1.1.12.  Ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг ойртуулна.

1.2. Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын талаар

1.2.1. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, дүүргийн эдийн засгийн хөгжлийг сайжруулна.

1.2.2. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх,  цаашдаа төсвөөс авах татаасыг бууруулах чиглэлд бодлогыг уялдуулна.

1.2.3. Төсвийн болон Татварын хууль тогтоомжийг сурталчлах, байгууллага, иргэнийг татварт бүрэн хамруулах, татварын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, өр барагдуулах менежментийг боловсронгуй болгоно.

1.2.4. Аж ахуйн нэгжийн татварын болон санхүүгийн тайлан тушаалт, тендерийн сонгон шалгаруулалт, үр дүн зэрэгт хүний оролцоог багасгаж, 100 хувь цахим тогтолцоог нэвтрүүлнэ.

 1.2.5. Орон нутгийг хөгжүүлэх сангийн орлогыг нэмэгдүүлэх менежментийг боловсронгуй болгох  замаар орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

1.2.6. Дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж, нийслэлийн өмчийн харилцааны газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

Хоёр. Ажлын байрыг нэмэгдүүлэн, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ.

 2.1.  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах талаар 

2.1.1. Хороодын хөдөлмөрийн цахим биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

2.1.2. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.

2.1.3. Дүүргийн нутаг дэвсгэрт  ажлын байр шинээр бий болгох асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2.1.4. Ахмад насны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ.

2.1.5. Нийгмийн халамжийн үйлчилгээг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулж нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, халамжийн ажилтнуудын ажлын арга барилыг шинэчлэж, нийгмийн халамж шаардлагатай өрх иргэдэд хүрч үйлчилнэ.

2.1.6. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ажил зохион байгуулж, тэтгэврийн даатгалыг нөхөн авах иргэдэд мэдээлэл өгч хамруулна.

2.2.  Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

2.2.1. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгож, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

2.2.2. Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

2.2.3.  Цахим бүртгэлийг хэрэгжүүлэн, хүн амд чирэгдэлгүй, товлолт үйлчилгээг нэвтрүүлнэ.

2.2.4. Эмнэлгийн эмч,  мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

2.2.5. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийн хөгжил-4” төслийн хүрээнд дүүргийн жишиг эмнэлэг байгуулна.

2.2.6. Иргэдийн  биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэн бие бялдрын чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2.3. Боловсролын талаар

2.3.1. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

2.3.2. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах асуудлыг шийдвэрлэнэ.

2.3.3.Сургууль, цэцэрлэгт эрүүл аюулгүй, хүртээмжтэй  сургалтын орчинг бүрдүүлнэ.

2.3.4. Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлж үдийн цай хөтөлбөрийг чанаржуулна.

2.3.5. ЕБС-уудыг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

2.3.6. Ерөнхий боловсролын сургуулиудыг цахимжуулах,  эцэг эх, багш, сурагчдад зориулсан мэдээллийн төвүүд,  суралцагчдын амьдрах ухаан, харилцааны ур чадвар, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадварыг бүрдүүлэх “book cafe”-г байгуулна.

2.3.7. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

2.3.8. Гэгээрэл хөгжлийн төвийг бие даасан ажлын байртай болгож, Гэгээрэл хөгжлийн төвийн үйл ажиллагааг албан  бус боловсролын үйлчилгээнээс иргэн бүрт хүрч үйлчлэх “Насан туршийн боловсролын төв” болгон өргөжүүлнэ.

2.4. Соёл, урлагийн чиглэлээр

2.4.1. Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

2.4.2. Соёл, урлагийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлнэ.

2.4.3. Дүүргийн соёл, урлагийн наадмыг 2 жил тутам зохион байгуулна

2.4.4. Дүүргийн Соёлын төвийг байгуулж иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.5. Хүүхэд, залуучуудын талаар

2.5.1. Хүүхэд хөгжлийн төв байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ.

2.5.2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

2.5.3. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон  эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудад нийгмийн ажлын үйлчилгээг хүргэнэ.

2.5.4. Хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

2.5.5. Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг зохион байгуулна.

Гурав. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

3.1.  Дэд бүтцийн талаар

3.1.1. Дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны хуучин барилгуудын инженерийн шугам сүлжээг сайжруулна.

3.1.2. Орон сууцны хорооллын байрны дээвэр болон цахилгаан шатыг үе шаттайгаар засварлаж шинэчилнэ.

3.1.3. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авто замуудыг шинээр барих, авто замын өргөтгөл хийх ажлыг зохион байгуулах, зам засварын ажлын чанарыг сайжруулна.

3.1.4. Ард Аюушийн гудамжийг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбох 3.1 км замыг гүүрийн хамт барина.

3.1.5. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, оршин суугчдын оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэнэ.

3.1.6. Иргэдийг хямд үнэтэй орон сууц, амины орон сууцаар хангахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

3.1.7. Гэр хорооллын өрхийн усны хүрэлцээ, хангамжийг сайжруулна.

3.1.8. Гэр хорооллын эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийг шинээр холбож, шаардлагатай газруудад хүчдлийг сайжруулна.

3.1.9. Баянхошуу, Орбит, Толгойтод орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станц, бохир усны гол шугамыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.1.10. Гэр хороолол болон шинээр баригдах хороололд ахуйн үйлчилгээний цогцолбор барилга барина.

3.1.11. Иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

3.1.12. Саппорогийн аюулгүй тойрог дээрх олон түвшний огтлолцол барих ажлыг эхлүүлнэ.

3.1.13. Толгойт Сонсголонгийн замын уулзварт барих гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ.

3.2.  Тохижилтын талаар

3.2.1. Иргэдийн ая тухтай амьдрах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай газруудад бичил цэцэрлэг, усан оргилуур, тоглоомын талбай, нийтийн бие засах газар, явган хүний зам, гүүр, гарц барина.

3.2.2. Дүүргийн томоохон гудамж,  нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт хийнэ.

3.2.3. Авто зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, дүүргийн нутаг дэвсгэр дэх рекламны байгууламжийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан сайжруулан, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх замаар асалтыг 95 хувьд хүргэнэ.

3.2.4. Автозам, орон сууцны доторхи зам, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд ахиц дэвшил гаргана.

3.2.5. Тусгай зориулалтын зам, шат, хаалга байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ.

3.2.6. Дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.

3.2.7. Тодорхой байршлуудад газар доорх болон давхар граж, авто зогсоол барих чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Дөрөв. Экологи-байгаль орчныг хамгаалахад ахиц дэвшил гаргана.

4.1. Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан  түлш болон утаа шүүгчээр  хангаж халаалтын зуухнуудын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

4.2. Нутаг дэвсгэрийн ойн сан бүхий  талбайд нөхөн сэргээлт,  арчилгаа цэвэрлэгээ хийнэ.

4.3. Ногоон бүсийн хортон шавьж, өвчний тархалтын судалгаа хийж, хортон шавьж өвчний устгалыг  2000 га талбайд хийнэ.

4.4. Нутаг дэвсгэрийн ногоон бүсийн тодорхой хэсгийг иргэдийн нөхөрлөлд хариуцуулах ажлыг судлан шийдвэрлэнэ.

4.5. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах булаг, шанд, нуурын  орчныг тохижуулж, хамгаалалтанд авах, ногоон бүс бүхий уулын амуудад байгаль орчны орон тооны бус байцаагчийн тоог нэмэгдүүлэх

4.6. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран хайрга, шаврын орд ашигладаг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд жил бүр үзлэг, шалгалт явуулан, стандартад нийцэхгүй ордуудын үйл ажиллагааг зогсоох, нөхөн сэргээлтийг тусгай төлөвлөгөөний дагуу хийлгэнэ.

4.7. Хөрс, ус, орчны бохирдлыг багасгахад гадаадын төслийн дэмжлэг авч хамтран ажиллана.

4.8. Хог хаягдлыг тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Нийтлэг үйлчилгээний төв, Тохижилт үйлчилгээний компаний материаллаг баазыг нэмэгдүүлэн хур хогийн цэггүй дүүрэг болно.

Тав. Нутгийн захиргааны байгууллагын ажилд иргэдийн оролцоог

нэмэгдүүлж, үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгоно.

5.1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод байлган, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэн, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрт иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлж, төрийн боломжит зарим үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлан ажиллана.

  5.2. Шинээр дүүрэг байгуулах асуудлыг боловсруулан саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

  5.3. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

  5.4. Дүүргийн нутгийн захиргааны ордон барина.

  5.5. Бүх хороодыг цогцолбор байртай болгоно.

  5.6. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар сургалт,  зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, дээрх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

5.8. “Архигүй баасан гараг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.9. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, автын осол, түүнээс учрах хохирлыг бууруулна.

5.10. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учрах хохирлыг бууруулна.

5.11. Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтыг сайжруулах, болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ.

5.12. Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавин иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ.

5.13. Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлж, өндөр хөгжилтэй орны хот, дүүргүүдтэй харилцаа тогтоон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ажиллана.

5.14. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ХЭАХН, ШӨХТГ-тай хамтран ажиллана.

Төрийн байгууллагуудын мэдээлэл