Энэ онд Орхон аймгийн боловсролын салбарт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

Нэмэгдсэн: 2017-10-06 18:36:52

Энэ онд Орхон аймгийн боловсролын салбарт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

Өнөөдөр Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх өдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан Орхон аймгийн боловсролын салбарынхан баярын хурлаа зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургууль, 34 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 2500 орчим багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.

Орон нутгийн төр захиргааны байгууллагуудын зүгээс боловсролын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор “Боловсролын салбарыг 2017-2020” онд хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Багш” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багш нарыг дэмжиж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байгааг энэ үеэр ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү онцлон хэллээ.  Тодруулбал, Энэ онд боловсролын салбарт бүтээн байгуулалт, их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд улсын болон орон нутгийн төсвөөс 4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр  13 сургууль, цэцэрлэгт их болон урсгал засвар, 4 сургуулийн гадна биеийн тамирын талбайг тохижуулж, тодорхой тооны сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээд буй. Мөн Улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн 640 хүүхдийн 20-р сургууль Эрдэнэ багт өчигдөр нээлтээ хийсэн бол орон нутгийн төсвийн 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж байна. Уг цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. Цаашид бүх сургуулийн гадна талбайг тохижуулахаар ажиллаж байгаа гэдгээ энэ үеэр аймгийн удирдлагууд хэллээ.

Багш нарын баярын хурлын үеэр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнд 10-р цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг болсон юм. Мөн салбартаа манлайлсан олон багш, сурган хүмүүжүүлэгч Засгийн газрын болон БШУСЯ, АИТХ-ын болон Засаг даргын шагналыг хүртлээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл