ОРОН СУУЦ, ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ДАГУУЛСАН “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Нэмэгдсэн: 2013-05-30 19:48:25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачлагаар Нийслэлийн иргэдийн хурал, ЗДТГ, Батлан хамгаалах яам, ЗХЖШ хамтран “Монгол цэргийн жавхаа” хэмээх олны сэтгэлд хүрсэн арга хэмжээг өнгөрсөн ням гаригт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Монгол цэрэг дайчид маань үнэхээр цог хийморь, жавхаатай болохыг монголчууд төдийгүй гаднын жуулчид өчигдөр үзэж, сонирхон бахдан бахархаж, хүндэтгэн байхыг харлаа. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн дунд нэг сарын турш үргэлжилсэн жагсаалын тэмцээн төдий биш олны сэтгэлийг хөдлөгсөн цэрэг, эх орноороо бахархах, тусгаар тогтнолынхоо  үнэ цэнийг мэдэрсэн, үүх түүхээрээ омогшсон монгол цэргээ хайрлан хүндэтгэсэн баяр бахархалын ёслол байлаа. Э.Бат-Үүлийн “Энэ арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа болохоор санаа зовж л байлаа. Гэтэл тун утга төгөлдөр, олны сэтгэлд хүрсэн бахархмаар боллоо. Монгол цэрэг гэдэг бол бидний бахархал. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагынхан цэргийнхэнтэйгээ хамтарч ямар ажил хийж чаддагийг  энэ ёслол харууллаа. Хугацаат цэргийн албаа хаагаад халагдаж буй цэргүүддээ хүндэтгэл үзүүлж, эх орондоо зүтгэсэн зүтгэлийг  нь алдаршуулах зорилготой энэ ёслолыг жил бүрийн энэ өдөр хийж байхаар боллоо. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл