Наадмаа морь барианы газар хийнэ

Нэмэгдсэн: 2013-05-30 19:38:34

Наадмаа морь барианы газар хийнэ

Наадмын маргааш намар гэлцдэг ч хүмүүс халуун хавраас л хаана наадамлах тухайгаа ярьж эхэлдэг нь ёс мэт. Амралт зугаалгын цаг тул хөдөө гадаа явдаг л биз, хот хүрээ ордог л биз. Зарим нь гадаад дотоодгүй зорчдог биз. Гэхдээ л Эрдэнэтчүүдийн ихэнхи нь Эрдэнэтдээ наадамлах нь даанч нэг тодорхой. Гэтэл энэ жил  наадмаа хаана хийх вэ гэдэг асуудал нэг хэсэгтээ л толгой эргүүлэв. Эрдэнэтчүүдийн толгойг бус баяр наадмыг зохион байгуулах комиссынхоны толгойг эргүүлэв. Учир нь учиргүй үнэтэй баригдсан цэнгэлдэх хүрээлэнд маань “учир” ургасанд байгаа юм. “Авзага” гэдэг барилгын компанийн ургуулсан “учир” юм уу, аадар бороо гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн ургуулсан “учир” юм уу гэдэг нь одоохондоо үл тайлагдсан “учир”-ын балгаар цэнгэлдэх хүрээлэн маань ямартай ч энэ жилдээ наадам явуулах боломжгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарчээ. Энэ жилдээ эвдэрхий блокийг нь тэр чигт нь хааж, үлдсэн хэсгийг нь гаднах орчинтой нь засаж додомдож байгаад наадамлаж болох ч “учир” бас байна. Нэгд,эдийн засгийн асуудал байна. Одоохондоо жилдээ нэг наадамдахаас өөрөөр ашиглагдахгүй байгаа цэнгэлдэх хүрээлэнгээ жил болгон засаад, татвар төлөгчдийн мөнгийг наадмын хуушуурын цаас адил цацаад явах юм уу гэдэг асуулт мэдээж тавигдана. Энэ жил яаж ийгээд наадамлах хэмжээнд додомддог юмаа гэхэд л 174 сая төгрөгийн засварын ажил хийх хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Хоёрт, сэтгэл зүйн асуудал байна. Наадамчидаа, өөрөөр хэлбэл иргэдийнхээ амар жимэр наадах эрхийг бодолцохгүй бол болохгүй шүү дээ. Хүн гэдэг сэжиг, сүжгийн амьтан. Стадион арай ч нураад уначихгүй байх л даа. Тэгэхдээ нураад уначих вий гэсэн бяцхан ч гэлээ айдас сэтгэлийнхээ мухарт хургуулж наадамлах хэнд сайхан санагдах юм. Тэгээд ч мэргэжлийнхэний дүгнэлт гарчихаад байхад мэргэн түргэн, мэддэг чаддаг хүн болж жүжиглэх эрсдэлтэй. Цаана нь иргэдийн маань, наадамчдын маань сайхан наадах асуудал буйд “учир” байна. Тэгсэнд орвол хөдөө хээр салхи сэвэлзүүлэн наадсан нь сэтгэлд сэвгүй, эдийн засагт сүйтгэлгүй.

   Энэ жил Эрдэнэтчүүд наадмаа морь барианы газар хийнэ. Энэ бол баяр наадмыг зохион байгуулах комиссын шийдвэр. Нэр нь хүртэл угаасаа л наадам хийдэг газар байгаа биз дээ. 

    Харин нөгөө “муу” стадионоо наадмын маргаашнаас дараа жилийн наадмын сураг дуулдтал мартчихгүй юмсан. Уг нь нэгэнт хийчихсэн ажил юмсан.

Төрийн байгууллагуудын мэдээлэл