ОРОН СУУЦ, ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ДАГУУЛСАН “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Нэмэгдсэн: 2013-05-30 19:34:28

ОРОН СУУЦ, ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ДАГУУЛСАН “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачлагаар Нийслэлийн иргэдийн хурал, ЗДТГ, Батлан хамгаалах яам, ЗХЖШ хамтран “Монгол цэргийн жавхаа” хэмээх олны сэтгэлд хүрсэн арга хэмжээг өнгөрсөн ням гаригт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Монгол цэрэг дайчид маань үнэхээр цог хийморь, жавхаатай болохыг монголчууд төдийгүй гаднын жуулчид өчигдөр үзэж, сонирхон бахдан бахархаж, хүндэтгэн байхыг харлаа. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн дунд нэг сарын турш үргэлжилсэн жагсаалын тэмцээн төдий биш олны сэтгэлийг хөдлөгсөн цэрэг, эх орноороо бахархах, тусгаар тогтнолынхоо  үнэ цэнийг мэдэрсэн, үүх түүхээрээ омогшсон монгол цэргээ хайрлан хүндэтгэсэн баяр бахархалын ёслол байлаа. Э.Бат-Үүлийн “Энэ арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа болохоор санаа зовж л байлаа. Гэтэл тун утга төгөлдөр, олны сэтгэлд хүрсэн бахархмаар боллоо. Монгол цэрэг гэдэг бол бидний бахархал. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагынхан цэргийнхэнтэйгээ хамтарч ямар ажил хийж чаддагийг  энэ ёслол харууллаа. Хугацаат цэргийн албаа хаагаад халагдаж буй цэргүүддээ хүндэтгэл үзүүлж, эх орондоо зүтгэсэн зүтгэлийг  нь алдаршуулах зорилготой энэ ёслолыг жил бүрийн энэ өдөр хийж байхаар боллоо. 

БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ  энэхүү арга хэмжээг сайн зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын ажлын хэсэгт талархалаа илэрхийлээд Улаанбаатар хотоо улам хөгжүүлж, өнгө төрхтэй болгож, дэлхийн жишигт хүргэхээр олныг санаачлан хийж буй Э.Бат-Үүл даргад  баяр хүргэж хотоо хэгжүүлэх үйлсэд Батлан хамгаалах салбарынхан бүхий л талаар дэмжиж туслах болно гэсэн юм. Хагас өдөр үргэлжилсэн энэ араг хэмжээ бүх нийтийг хамарсан цэнгүүнээр үргэлжилж орой 23 цагт ёслолын буудлагаар өндөрлөсөн билээ. Жагсаалыг үзэхээр үе үеийн ахмад дайчид цэрэг, генералууд цугласан нь сүртэй агаад гайхамшигтай. Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж “Монгол цэргийн жавхаа”-г үзсэн иргэд цэрэг эрчүүдээрээ бахархаж байна. Цэрэг хүн гэдэг ямар их хөдөлмөрлөдөг, тэдний урсгасан хөлс хүчийг үнэлэх үнэлэмж ямар байдаг вэ гэдгийг таниулж нотолсон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Талбай дээр дэлгэсэн цэргийн техник жагсаалыг үзсэн залуучууд болдогсон бол өнөөдөр ч цэрэгт мордмоор санагдаж байна. Сэтгэл үнэхээр хөдөлж байна. Жил болгон уламжлал болно гэдгийг сонслоо. Дараа жил цэрэг болоод энэ ёслолд оролцмоор байна гэцгээж байгаагаас арга хэмжээ ямар чухал цэг үеэ олсныг илтгэнэ бус уу. Улааанбаатар цэргийн хүрээний 27 анги, байгууллагын 7200 гаруй алба хаагч оролцсон дөрвөн үе шаттай тэмцээн өндөрлөхөд Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326, Дотоодын цэргийн 805, Хилийн цэргийн 0151 дүгээр ангиуд шилдэг есөд шалгарч шигшээ “тулаанд” орлоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл