ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр                                                                             Улаанбаатар хот

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хугацаанд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар

         Шүүхийн шинжилгээний байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр,Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Хууль зүйн салбарт хийгдэх шинэчлэлийн бодлогыг байгууллага хамт олонд сурталчилж мөрдүүлэх, үйл ажиллагааны бодлого чиглэлээ тэдгээртэй уялдуулан зохион байгуулах арга хэмжээ авч байна.

         Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны б/04 тоот тушаалаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт”-ийг шинэчлэн батлуулан мөрдөж байна.

      Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны б/01 тоот тушаалаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүтэц, орон тооны дээд хязгаар”-ыг шинэчлэн “Тамгын хэлтэс”, “Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын тасаг”, “Санхүү, төлөвлөлтийн тасаг”, “Стратеги, хөгжлийн бодлогын хэлтэс”, “Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс”, “Хангамж, техникийн үйлчилгээний хэлтэс”, “Криминалистикийн шинжилгээний хэлтэс”, “Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс”, “Тусгай шинжилгээний хэлтэс”, “Эдийн засгийн шинжилгээний хэлтэс”, “Аймаг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба, тасаг, хэсэг” гэсэн бүтэцтэй 517 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэв.

       Хууль зүйн сайдын 2012 оны а/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого” баримт бичгийг хүлээн авч нийт бүрэлдэхүүнд хүргэн сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

        Энэ ажлын хүрээнд хүрээлэнгийн захирлын 2012 оны а/452 дугаар тушаалаар “Хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх журам”, “Нээлттэй бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлуулан ажиллаж байна.

     Байгууллагын хэмжээнд нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилон ажиллуулж Улаанбаатар, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын ШША болон Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын албан хаагчдад Шинжилгээний байгууллагын бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцлага уулзалт, сургалт явуулж, нутгийн иргэдийн дунд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгууллагын бодлого зорилтыг сурталчилав.

       Шүүхийн шинжилгээний ажил үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох, иргэдийг чирэгдүүлж бухимдуулж болзошгүй нөхцөл байдал үүсэх, осол зөрчил гарахаас сэргийлэх зорилгоор хүрээлэнгийн захирлын 2012 оны а/483 дугаар тушаалаар “Шүүх эмнэлгийн ёслолын танхимын үйлчилгээний журам”, а/489 дүгээр тушаалаар “Галт зэвсгээр буудлага үйлдэж хонгио хошууг санд авах журам” тус тус батлан мөрдүүлж байна.

     Хүрээлэнгийн захирлын 2012 оны а/546 дугаар тушаалаар “Шүүхийн шинжилгээний байгууллагад хийгдэж буй үзлэг, шинжилгээний талаар эрх бүхий албан тушаалтанд мэдээлэл, лавлагаа өгөх журам”-ыг баталсан.

      Дээрх журмыг хэрэгжүүлэх чиглэлээр лавлагааны утас 264022, lavlagaa_nifs@yahoo.com e-mail хаягийг тогтмол ажиллуулж, хариу өгөх ажилтныг томилон утсаар 201 удаа, мессенжерээр 177 нийт 378 удаа шинжилгээтэй холбоотой лавлагаа, мэдээлэл өгч, бүртгэл хөтлөн ажиллав. Үүнийг хууль хяналтын байгууллага, албан тушаалтанаар нь авч үзвэл:

  Цагдаагийн байгууллага: 328 удаа

  Шүүх:  21 удаа

  Прокурор:  27 удаа

 Эрх бүхий бусад байгууллага:  2 удаа 

     Мөн шинжилгээний объектын шаардлага, бүрэн бүтэн байдал, хугацааны талаарх мэдээллийг217 удаа 264022 утсаар мэдэгдэж, бүртгэл хөтөлсөн.

    Шинжилгээний бүртгэлийн программ зохиолгож цахим хэлбэрт оруулан энэ оны 2 сарын 15-ны өдрөөс ашиглаж байгаа бөгөөд шинжилгээний төрөл, томилсон байгууллага, албан тушаалтан, ирүүлсэн хугацаа, дууссан хугацаа, шинжээчийн нэр зэргээр хайлт хийх, тайлан мэдээг түргэн шуурхай, бодитой гаргах, хуваарилах ажиллагааг хөнгөвчлөх, хугацаа алдсан шинжилгээний мэдээллийг шуурхай авах боломж бүрдсэн.

      Шинжилгээний бүртгэлийн Улсын хэмжээний тоон мэдээллийг үнэн зөв гаргах, криминалистик, биологи, хими, физикийн лабораторийн шинжээчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлсэн тогтолцоог шинжилгээний бүртгэл, хуваарилалтаар бий болгох зорилгоор шинжилгээний дугаар олголтыг “нэг тогтоол-нэг шинжилгээ” гэсэн зарчмыг баримтлан хуваарилж, хэлтэс, лабораторийн дотоод тоон мэдээллийг “ачааллын дугаар” гэсэн үзүүлэлтээр ачааллыг тэнцвэржүүлэх аргачлалыг бий болгож нэвтрүүлсэн.

    Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн 13000 шинжилгээг хүлээн авч, объектын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, бүртгэлд тусган шинжилгээний хэлтэс, лабораторийн шинжээчдэд хуваарилан, шинжилгээ хийх хугацаанд хяналт тавьж, хугацаа сунгах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлж, шинжээчдийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэн өгч ажиллалаа. Шинжилгээг хуваарилж буй мэргэжилтэн байгууллагын дотоод үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор зохицуулан хуулиар олгогдсон хугацаа /шинжилгээ томилсон албан тушаалтны тогтоож өгсөн хугацаа/-наас дотогш хугацаа тогтоож байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. 

    Долоо хоног бүрийн Даваа гаригт шинжилгээний хугацаатай холбоотой мэдээллийг хүрээлэн, дүүргийн шинжилгээний хэлтэс, тасгийн дарга, лабораторийн эрхлэгч, мэргэшсэн шинжээч, багийн ахлагч нарт журмын дагуу мэдээлж, шинжилгээтэй хобоотой бусад асуудлыг хэлэлцдэг болсноор шинжилгээний хугацаа алдалтыг эрс багасгасан.

   Хүрээлэнгийн захирлын а/199 дугаар тушаалаар “Ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, алба хаагчдын эрүүл мэнд, ажиллах чадвар, хариуцлага үр бүтээлийг ахиулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүрээлэнгийн ерөнхий зохицуулагч, хэргийн газрын үзлэг, дуудлагын тусгай зориулалтын жижүүрийн авто машины жолооч, гэрэл зургийн лаборант, нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны жижүүрийн цагдаа нарыг 8,16 цагаар ээлжийн үүрэг гүйцэтгэх горим”-д шилжүүлэв.

Лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар

     Дижитал гэрэл зураг хэвлэх 72.4 сая төгрөгийн үнэтэй FUJIFILM компаний “FRONTIER-500” маркийн мини лаборатори, бага оврын    ASK-2500 маркийн 6 ширхэг хэвлэх төхөөрөмж, гэрэл зураг архивлах зориулалттай Intel i7 төхөөрөмж хүлээн авч суурилуулсанаар цагт 900 ширхэг зураг угааж, 8-10 минутад хальс боловсруулж байна.

     148.7 сая төгрөгийн үнэ бүхий гэрэл зургийн 90 ширхэг Nikon D3100, 30 ширхэг Nikon coolpix L310, 5 ширхэг Epson R390 маркийн өнгөт принтер худалдан авч, төв, орон нутгийн криминалистикийн шинжээч, шинжээч эмч нарт олгов.

   Дээрхи гэрэл зургийн аппаратыг ашиглаж эхэлснээр хэргийн газрын үзлэг болон шинжилгээний гэрэл зургийн чанарт ахиц гарч, шуурхай ажиллагаа хангагдав.

     БНХАУ-ын НАХЯ-ны буцалтгүй тусламжаар 134,7 сая төгрөгийн өртөг бүхий 30 ширхэг хэт ягаан туяагаар гарын мөр илрүүлэх үзлэгийн цүнх, 6 ширхэг зам тээврийн хэргийн газрын үзлэгийн цүнх, 33 ширхэг мөр судлалын үзлэгийн цүнхийг хүлээн авч шинжээчдэд хуваарилан олгов.

     Шинжээч, мэргэжилтэнүүд техникийн өндөр түвшинд хэргийн газрын үзлэг хийх боломж бүрдэж, шинэ төрлийн нунтаг ашиглан гарын мөрийг өндөр түвшинд илрүүлэн ажиллаж байна.

    “Жи мобайл нэт” ХХК-тай аймгийн шүүхийн шинжилгээний албадыг утасгүй технологиор /CNU-680 modem/ хүрээлэнгийн нэгдсэн сүлжээнд холбох 19,991,000 төгрөгийг гэрээ байгуулан /CNU-680 modem/нэгдсэн сүлжээнд холбов. 

       “Цэцүүх трейд” ХХК-тай 29,998,600 төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан лабораторийн шинжилгээний автоклав, холигч /шакерь/-ийг худалдан авав.

      “Мед монгол” ХХК-тай шүүх эмнэлгийн тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх 23,916,000 төгрөгийн гэрээ байгуулан 12 ширхэг задлан шинжилгээний багаж худалдан авлаа.

    Шинжилгээний лабораторийн хэлтсийн Шүүх-ДНХ-ийн шинжилгээний лабораторид 2012 оны АНУ-д үйлдвэрлэсэн ДНХ-ийн шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж болох “Генетик анализатор”, “Ген олшруулагч машин”-ийг Цагдаагийн ерөнхий газрын гүйцэтгэх ажиллагааны төсвөөс 353,0 сая төгрөгийг санхүүжүүлэн “Цэцүүх трейд” ХХК-тай гэрээ байгуулан авч суурилуулсан.

      Энэ тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл хийгдсэнээр гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох биологи ДНХ-ийн шинжилгээний үйл ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарах юм.

      Жишээлбэл Улсын хэмжээнд гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа, гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүсийн “Генетик мэдээллийн сан” бий болгох ажлыг шинжлэх ухаан, технологийн өндөр түвшинд хийж эхлэх нөхцөл бүрдэж байна.

     Зам тээврийн осол хэргийн шинжилгээний лабораторид авто оношлогооны байр, осол хэргийн газрын үзлэг хийх, шалтгаан нөхцлийг тогтоох, тээврийн хэрэгслэл оношлох 89.6 сая төгрөгийн өртөг бүхий техник хэрэгслэлийг худалдан авч суурилуулсанаар зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, тээврийн хэрэгслэлийг оношлох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах нөхцөл бүрдсэн.

     Говь-Алтай /73.455.908/, Булган /17.950.000/, Дорноговь /43.994.710/ аймгууд дахь Шүүхийн шинжилгээний албаны байруудад нийт /135.400.618/ төгрөгийн их засварын ажлыг төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

     Дорноговь аймгийн 2013 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд албыг автомашинаар хангах асуудлыг тусгуулан орон нутгийн хөрөнгөөс 20.0 сая төгрөгийг шийдвэрлүүлэн аймгийн Засаг даргын 2013 оны а/09 дүгээр захирамжаар автомашин худалдан авах эрхийг албаны даргад шилжүүлсний дагуу тендер явуулан албанд 19.8 сая төгрөгөөр “Hyundai starex” маркийн худалдан авлаа.

Хууль зүйн сайдаас өгсөн үүргийн талаар

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүрээлэнгийн удирдлагатай уулзаад шинжилгээний байгууллагаас гадуур хийгдэж буй зарим шинжилгээний талаар судалж үзэх, тухайлбал гал түймрийн хэргийн шалтгаан тогтоох лабораторийн харъяалал, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүний талаар судалж үзэх үүргийг энэ оны 3 дугаар сард өгсөн.

   Галын шалтгаан тогтоох лабораторийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн талаар судалж тус байгууллагад энэ чиглэлийн лаборатори байгуулж ажиллуулах боломжийн талаар танилцуулга бэлдэж ойрын үед сайдад танилцуулахаар ажиллаж байна.

 Тус байгууллагад:

-Автотехникийн шинжилгээний лаборатори,

-Галын шинжилгээний лаборатори,

-Сэтгэц гэм судлалын шинжилгээний лаборатори,

-Геологи, уул уурхайн шинжилгээний чиглэлийн лаборатори байгуулж ажиллуулах судалгааны ажлын хэсэг /баг/ гаран ажиллаж байна.

    Хүрээлэнгийн Гарын хээний нэгдсэн сангийн төв серверийг УБЕГ-ын мэдээллийн сантай шилэн кабелиар холбох талаар ХЗЯ-наас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шийдвэрлүүлэх асуудлын талаар

    Шүүх эмнэлэгт хүний биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоох, цогцост задлан шинжилгээ хийх үед хими, биологийн шинжээчдийн тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлүүлэхээр илгээдэг биологийн гаралтай дээжийг хүлээлцэх ажиллагааг боловсронгуй болгож, хуульд нийцсэн ажиллагааг хэвшүүлэх зорилгоор “Хүний бие, цогцост шинжилгээ хийхэд шинжилгээний дээж, шинжээчийн дүгнэлтийг шилжүүлэх журам”,ХЗДХ-ийн сайдын 2009 оны 08 сарын 31-ний өдрийн 178 дугаар тушаалаар батлагдсан “Хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй хүний цогцосны мэдээллийн нэгдсэн сангийн журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор шинжээч эмч, туслах ажилтан, хүрээлэн, дүүргийн шинжээчид, гэрэл зургийн лаборатори, гарын хээний шинжилгээний тасаг зэрэг шинжилгээний байгууллагын алба хаагчид болон бусад хуулийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог тодорхой болгох, боловсронгуй болгох “Хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй хүний цогцосны мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах заавар”-ыг  тус тус журамд нийцүүлэн боловсруулав.

      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 110/137 дугаар тушаалаар баталсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам”, 2009 оны 110 дугаар тушаалаар баталсан “Гарын хээний нэгдсэн сангийн журам”, 2012 оны 44 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-ийг тус тус шинэчлэн батлуулахаар төсөл боловсруулан хүргүүлэхэд бэлэн болоод байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Төрийн байгууллагуудын мэдээлэл