Шvvхийн Шинжилгээний Vндэсний Хvрээлэн

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийн 44 дүгээр зүйлд "...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурор болон бусад хууль сахиулах бусад байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой криминалистик, шүүх-эмнэлэг, санхүү нягтлан бодох бүртгэл зэрэг магадлан шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авна" гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 63 дугаар тушаалаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнг байгуулсан.
  Тус байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Шүүхийн шинжилгээг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалатанд оруулах бодлого зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 270, 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн Шүүхийн шинжилгээний албыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулан орон тоо, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ажлын шаардлага хангасан контор, лабораторийн байртай болгох асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
  Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганаар "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийг баталсан нь тус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох үндэс суурь болсон.
  Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шүүхийн шинжилгээний үндсэн зарчим, шинжилгээ хийх үндэслэл, онцлог, нийтлэг журам, зарим нэр томъёоны тайлбар, шинжээчийн эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, албан хаагчдын эрх зүйн баталгааг хуульчилсан.
  Шүүхийн шинжилгээний байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх орчин үеийн өндөр хүчин чадалтай лабораторийн техник төхөөрөмжөөр тоноглох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
  Шүүхийн шинжилгээний байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, үйл ажиллагааны зарчим, стандартыг чанд мөрдөж иргэд хууль хяналтын байгууллагад үзүүлэх ажил үйлчилгээг жигд хүртээмжтэй шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна.


Төрийн байгууллагуудын мэдээлэл