Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн дөрөвдүгээр чуулганд оролцлоо

Нэмэгдсэн: 2013-05-30 17:27:11

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн дөрөвдүгээр чуулганд оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн дөрөвдүгээр чуулганд оролцоод ирлээ.

“Аюулгүй маргаашийн төлөө өнөөдөр хөрөнгө оруулцгаая”, “Хүн амыг гамшгаас хамгаалах чадавхитай болгосноор нийгэм чадавхитай болно”сэдвээр зохион байгуулагдаж, 172 улс орон, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл болсон 3500 гаруй төлөөлөгчид оролцлоо.  

Швейцарийн Холбооны Улсын ерөнхийлөгч Уэри Маурер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Ян Элиассон нар чуулганы ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэхүү чуулганд мянга мянган төлөөлөгчид оролцож байгаа нь манай гариг дээр тохиолдож байгаа гамшгийн аюул, түүний улмаас учрах хор уршиг өсөн нэмэгдэж байгаа энэ үед гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд дэлхий нийтээрээ ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байна гэж дүгнээд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, хөтөлбөрт нэгтгэх, түншлэл, хамтын ажиллагааг сайжруулахыг уриаллаа.

Уг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, Хёогогийн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, амжилт ололтын талаар үг хэллээ. Мөн тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Онцгой байдлын сайд В.К.Божко, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын сайд К.Боронов нартай уулзаж, гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Чуулганы үеэр болсон “Дээд түвшний уулзалт, хэлэлцүүлэг”-ээр нийгэм, олон нийтэд тулгарч буй эрсдэлийг бууруулахад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг энэ чиглэлд өрнүүлэх, тухайлбал газар ашиглалтын алдаатай төлөвлөлт, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшгийн давтамж ихэсч, хувийн хэвшилд гамшгийн улмаас учрах хохирол нэмэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг анхааралдаа авч, эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэхийг зөвлөмж болголоо.

Чуулган “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь”, “Олон нийт тогтвортой хөгжих нь үндэстэн тогтвортой хөгжих үндэс”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гантай тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь”, “Эмэгтэйчүүд өөрчлөлтийг санаачлагчид”, “Үнэт өвийг хамгаалах ба чадавхийг бэхжүүлэх”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийг нэвтрүүлэх нь”, “Бидний хүсэж буй аюулгүй маргааш ба гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуусын оролцоо” зэрэг тулгамдаж буй олон чухал сэдвийн хүрээнд явагдав.  

Чуулганы хугацаанд нийтдээ 170 гаруй уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан.

2005-2015 онд дэлхий дахинаа хэрэгжүүлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” дэлхийн хөтөлбөрийн хүрээнд гарсан үр дүнг үнэлж, 2015 оноос эхлэн ирэх 20-30 жилийн хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан нь чуулганы гол үр дүн байлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл