ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР

  1. Эрхэм зорилго

Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улс орны дотоод аюулгүй байдал, иргэд олон нийтийн амар тайван байдлыг хангах.

Шинэтгэлийн чиглэл

  • Цагдаагийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

  • Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих тогтолцоог бий болгох;

  • Олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах ажиллагааг хөгжүүлэх;

  • Албаны сахилга, ёс зүйг эрхэмлэн төлөвшүүлэх;

  • Ил тод, нээлттэй байдлаар тэргүүлэх;

  • Шинжлэх ухаан, технологид суурилсан бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

  • Хэрэглэгчид хүрсэн буюу иргэнд ойрхон бүтцэд шилжих;

  • Мэргэшсэн, чадвартай боловсон хүчнийг өрсөлдүүлэх аргаар сонгон ажиллуулах.

Стратеги зорилт

Орон нутгийн цагдаагийн байгууллагыг шинэтгэх:

  • Аймаг, Нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс нь хариуцсан нутаг дэвсгэртээ цагдаагийн байгууллагын чиг үүргийг бие дааж хэрэгжүүлэн, цагдаагийн ажил үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулна.

  • Засгийн газраас тогтоосон нормативын дагуу засаг захиргаа,нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгж болон тэдгээрийн нутаг дэвсгэр дэх хот тосгоныг хариуцсан цагдаагийн хэлтэс, тасаг, сум бүрийг цагдаагийн хэсэг буюу кобантай болгоно.

Үйл ажиллагаа, хариуцлагын тогтолцоог ил тод болгох:

  • Олон нийтийн итгэл, дэмжлэгийг хүлээх, ил тод, нээлттэй байхыг цагдаагийн байгууллагын удирдлага, үйл ажиллагааны үндсэн зарчим болгож, байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний хяналтын тогтолцоог эрх зүйн зохицуулалтад оруулна.

  • Цагдаагийн байгууллага, алба хаагчийн өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавих, хууль тогтоомж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх, шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авахад цагдаагийн шат шатны удирдлагын хяналтыг чиглүүлнэ.

  • Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа иргэд, оршин суугчдад тайлагнах стандартыг боловсруулна.

Хэрэглэгчид хүргэх ажил үйлчилгээг стандарт, хяналттай болгох:

  • Хэрэглэгчид хүрсэн ажил үйлчилгээ зохих горим, стандартад нийцсэн эсэхийг шинжлэн судлах, тайлагнах, төсөл хөтөлбөр боловсруулах ажлыг хэвшүүлнэ.

  • Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах санал боловсруулж, шийдвэрлүүлнэ.

  • Цагдаагийн байгууллагын чиг үүрэгт нийцэхгүй эрх хэмжээ, үйл ажиллагааг цэгцэлж, байгууллагын мэргэшсэн тогтвортой байдлыг хангана.

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг тогтоох:

  • Гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэв журам сахиулахад хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэх олон нийтийн цагдаагийн ажилтныг нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр ажиллуулж, жил бүр тоог нэмэгдүүлэн, мэргэшүүлнэ.

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах бүх хэлбэрийг нэвтрүүлнэ.

  • Нийгмийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийн уялдааг хангаж, нийтээр дагаж мөрдөх журмыг мөрдүүлэх стандартыг эрх зүйн зохицуулалтад оруулна.

Боловсон хүчний бодлогыг шинэтгэж, ажиллах нөхцөл баталгааг бүрэн хангах:

  • Цагдаагийн алба хаагчийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалтад хамруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүсчилсэн сургалтын төвүүдийг байгуулна.

  • Цагдаагийн байгууллагын сахилгын дүрэм, үйл ажиллагааны стандарт, ёс зүйн дүрмийг шинэчлэн тогтоож, олон нийтийн оролцоотой сахилгын хороогоор сахилгын зөрчлийг хэлэлцэж шийдвэрлэдэг болно.

  • Цагдаагийн байгууллагад тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн энгийн ажилтныг ажиллуулна.

Цагдаагийн байгууллагыг техник, технологи, санхүүгийн хувьд бэхжүүлэх:

  • Хууль сахиулах үүрэг бүхий гадаад улсын байгууллагатай технологи, ажил үйлчилгээний туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  • Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зардал, цалин, тэтгэмж, тусламж, нөхөх олговор, хүнс, эдийн хангалт, сургалт, судалгаа, холбоо, мэдээлэл технологи, тоо бүртгэл, статистик мэдээлэлд шаардагдах зардал, тээврийн хэрэгсэл, нисдэг тэрэг, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хэрэгсэл, харуул хамгаалалтын болон эрэн сурвалжлах ажлын зардал, мөрдөн шалгах ажиллагааны зардал, алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учирсан хохирлыг арилгах, хямралт нөхцөл байдлын болон онц байдал зарласан үед шаардагдах зардлыг улсын төсөвт тусгайлан тусгаж санхүүжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авна.

  • Үйл ажиллагааны техник, тоног төхөөрөмжийн хүрээнд автопарк, харилцаа холбоо, гэмт хэргийг илрүүлэх, нотлох баримтыг бэхжүүлэхэд шаардлагатай орчин үеийн техник хэрэгслийн хангалт хийнэ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл