Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2014 оны удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн хэлсэн үг

Нэмэгдсэн: 2014-03-10 14:40:14

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2014 оны удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн хэлсэн үг

2013 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮН, ЦААШДЫН ЗОРИЛТ
  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар нь өнгөрсөн онд Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын удирдамж, шийдвэрийг  хэрэгжүүлэх, салбарын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, ус цаг уур, орчны мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшгаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сэрэмжлүүлэх зорилтоо амжилттай ханган биелүүллээ.
   Тус салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогын гол баримт бичиг болох “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3 дугаар шат буюу 2011-2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд хэдийгээр улсын төсвийн хүндрэлээс шалтгаалж зарим ажил, арга хэмжээ хугацаа хойшлогдож, 3 дугаар шатанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2013 онд төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт 68 хувьтай байгаа ч дэвшүүлсэн үндсэн зорилтууд амжилттай биелж, хөтөлбөрийн биелэлт нийт дүнгээр 89,1 хувьтай байна.
Тус газраас “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд улсын сүлжээний өртөө харуул, лабораторийг сүүлийн үеийн нарийвчлал сайтай багажаар хангах, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн орнуудад ашиглаж буй тоон прогнозын аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинээр боловсруулах, сансрын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан ургамал бүрхэвч, цасан бүрхүүл, ой хээрийн түймэр, ган, цөлжилт, хөрсний чийг, үүлшил зэрэг орчны төлөв байдлыг үнэлэх зэрэг шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээ авч байна.

Дээрхи хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2014 онд дуусч байгаа тул ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг цаашид 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг энэ онд боловсруулж, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

Тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус салбарын 2013 оны урсгал төсөвт багтаан өөрчлөлт оруулах санал боловсруулж, салбарын батлагдсан төсөв, орон тоонд багтаан  зохицуулалт хийж, Агаарын чанарын мэргэжлийн алба болон Хурын шим төвийг татан буулгаж, Нислэгийн цаг уурын төвийн Орон нутгийн нисэх буудлуудын зардал болон орон нутгийн 15 техникчдийн орон тоо, төсвийг тухайн аймгуудын УЦУОША-дад  шилжүүлж, тус газраас Улаанбаатар хотын УЦУОШАлбанд 2 гүйцэтгэх ажилтан, БОМТ-д үйлчилгээний 5 ажилтан, УЦУОХ-д үйлчилгээний 4 ажилтныг тус тус орон тоо, төсвийн хамт шилжүүлж, БОШТЛ-иос 1, БОМТ-өөс 2,  УЦУОХ-ээс 1 гүйцэтгэх ажилтныг мөн татан буугдсан АЧМА-ны 8 орон тоо, төсвийг тус тус шилжүүлэн авч  төсөвт өөрчлөлт оруулсан болно.
  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээгээр 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27 арга хэмжээг 2287,5 сая төгрөгөөр, байгууллагын урсгал  болон төвлөрсөн арга хэмжээний зардлаар 12 арга хэмжээг 576,7 сая төгрөгөөр худалдан авах арга хэмжээ зохион байгуулав. Мөн Цэвэр агаар сангийн санхүүжилтээр Байгаль орчин, хэмжилзүйн лабораторийн багаж худалдан авахаар 450.0 сая төгрөгийн эрхийг тус газарт шилжүүлсний дагуу худалдан авах арга хэмжээг холбогдох газартай хамтран зохион байгуулсан болно.
  Дээр дурдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээнээс хөрөнгө оруулалтын 1180,0 сая төгрөгөөр хэрэгжүүлэх 3 арга хэмжээ, их засварын 316,5 сая төгрөгийн 19 арга хэмжээнээс орон нутагт 197,5 сая төгрөгийн 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр эрхийг нь холбогдох аймгуудад шилжүүлж, үлдсэн 119,0 сая төгрөгийн 2 арга хэмжээг тус газар зохион байгуулсан болно.
2013 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн тоног төхөөрөмж худалдан авах 1430.0 сая төгрөгийн 3 арга хэмжээний “Цаг уурын шинжилгээний өртөөдөд цаг уурын автомат станц суурилуулах” ажлын санхүүжилтийг 2014 он хүртэл хугацаагаар Засгийн газраас түр хойшлуулж, “Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн цахилгааны эх үүсвэрийг сайжруулах "Цахилгааны дэд станц" шинээр барьж тоноглох” ажлыг хийж, гүйцэтгэлд нь 298,0 сая төгрөгийн санхүүжилт олгож, “Байгаль орчны хяналт шинжилгээний лабораторид шаардлагатай багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж 2014 оны 3 дугаар сард гэрээг дүгнэн санхүүжилт олгохоор ажиллаж байна.
  2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нислэгийн цаг уурын төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулсны гадна Өвөрхангай, Дундговь, Төв, Говь-Алтай, Завхан, Увс, Сүхбаатар аймгуудад нийт 9 өртөөний барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
  Харин Дорнод аймгийн Сүмбэр сумын цаг уурын шинжилгээний өртөөний барилгын ажлыг 2012 онд сайдаас Дорнод аймгийн засаг даргад эрх шилжүүлэн аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас худалдан авах ажиллагаа зохион байгуулж, “Ганга нуур өргөө”ХХК-тай 2012-2013 онд барьж дуусгахаар 49,1 сая төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд уг компани нь 2012 онд батлагдсан 18,7 сая, 2013 онд 21,2 сая төгрөг нийт 39,9 сая төгрөгийн санхүүжилтийг авсан боловч 2013 ондоо ашиглалтад оруулж өгөөгүй байна.
  Энэхүү барилгын ажилд тус аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон УЦУОША-ны хяналт сул байснаас хуурамч гүйцэтгэл гаргасан, барилгыг дуусгаагүй, гэрээ байгуулсан тал цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа болно.
 Цаашид дээрхи дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс газар, харъяа байгууллагууд анхааралдаа авч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв, орон нутагт баригдах барилга байгууламж, худалдан авах тоног төхөөрөмж бусад ажил үйлчилгээнд хариуцлагатай хандаж, төсөв, санхүүтэй холбоотой мэдээ, судалгааг ирүүлэхдээ заасан хугацааг хоцроох, шаардуулах, тайлан балансыг хугацаа хоцроох явдал зарим байгууллагад гарч байгааг анхааралдаа авч, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалт, дотоод хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах  нь зүйтэй.  
Тайлангийн хугацаанд улсын төсвийн хүндрэлээс шалтгаалан батлагдсан төсөвт тодотгол хийсэн бөгөөд тодотгосон дүнгээр нийт урсгал төсөв 19 тэрбум 940,6 сая, төгрөгөөр батлагдсанаас гүйцэтгэлээр  19 тэрбум 823,8 сая төгрөг болж буурсан байна.  
Өнгөрсөн онд Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэсант сум, Баянхонгор аймгийн төв, Галуут сум, Булганы Хутаг-Өндөр, Гурванбулаг сум, Говь-Алтай аймгийн Шороон шуурганы барилгын дулаалга, Дорнодын Дашбалбар, Дундговийн Гурвансайхан сум, Өвөрхангайн Хархорины лабораторийн засвар, Сүхбаатарын Баяндэлгэр сум, Сэлэнгийн цахилгааны засвар, Орхон сум, Хэнтий, Баян-Өлгий, Орхон аймгийн цаг уурын албаны барилгын засваруудыг хийж гүйцэтгэлээ.
   2013 онд тус газраас газар болон төв, орон нутгийн харъяа мэргэжлийн байгууллагуудын батлагдсан төсвийн зарцуулалтын байдалд хууль эрх зүй, албан хэргийн хөтлөлт, тушаал, шийдвэрийн үндэслэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд дотоод аудитын шалгалтыг 10 гаруй аймагт хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллалаа.  . 
  Дээрхи хяналт шалгалтын дүнгээс үзэхэд харъяа мэргэжлийн байгууллагуудын албан хэргийн хөтлөлт, тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэл туйлын хангалтгүй, эх хэлний утгын болон найруулгын алдаа ихтэй, бичиг хэргийн стандартын шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, удирдлагын хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар анхаарч ажиллахыг нийт харъяа мэргэжлийн байгууллагын захирал, дарга нарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. 
  Өнгөрсөн онд зарим албадын төсвийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа холбогдох хууль, заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд дотоод аудиторын хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч, хариуцлага тооцож ажиллалаа
Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Алтай аймагт хийсэн санхүүгийн дотоод хяналт шалгалтаар нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж мөрдөөгүй, албан хаагчдын нийтээр амрах баяр ёслол, илүү цагийн хөлсийг илүү, дутуу тооцох, сургалт, семинар зохион байгуулахдаа удирдамж хөтөлбөр, төсөв зарцуулалтын тушаалгүйгээр мөнгө захиран зарцуулсан, няравын бэлэн мөнгөний тайлан гаргуулаагүй, үндсэн хөрөнгө, бараа материалын дансны ангиллыг буруу бүртгэсэн, НББ-ийн анхан шатны баримтын иж бүрдэл дутуу, дотоод томилолтоор ажилласан албан хаагчдын төсөв, гүйцэтгэсэн ажлын тайлан байхгүй, тээвэр шатахуун, түлш халаалтын зардалд тавих дотоодын хяналт сул, жолоочийн бензин, шатахууны тооцооны хуудасны спидометрийн заалт байхгүй, зарцуулалтын тайлан тооцоо байхгүй, аялан судалгааны маршрут, зураглал байхгүй гэх мэт олон зөрчил илэрсэн байна.
Мөн НББ-ийн санхүүгийн программыг бүрэн ашиглаж эзэмшээгүй,  харилцагч байгууллага болон хувь хүний авлага, өглөгийг  тайландаа үнэн зөв тусгаагүй, няравын агуулахын бүртгэл хөтлөөгүй, барилга, авто тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөөгүй, дотоод болон хөндлөнгийн хяналт шалгалтаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчил, дутагдал илэрч байгаад холбогдох албадын дарга нар зохих дүгнэлтийг хийж, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллах нь зүйтэй.
   Тус газар нь 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаар болон урсгал төсвийн хөрөнгөөр худалдан авсан арга хэмжээний төлөвлөгөөнд албан ажлын зайлшгүй шаардлагаар зохицуулалт хийж, худалдан авах арга хэмжээг 96,4% үр дүнтэй зохион байгуулсныг сайшаан тэмдэглэж байна.

  2013 он ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хувьд өөрчлөлт, шинэчлэл хийгдсэн, онцлог жил байлаа.  

  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулагдсантай холбогдуулан ‘’Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай’’ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-71 дүгээр тушаалаар тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, шинээр Орчны шинжилгээний хэлтэс байгуулагдаж, аймаг, орон нутагт энэ чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэж, тус газар нь 4 хэлтэс, 2 албатай 64 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилласан анхны жил байв.   
   Өнгөрсөн онд тус газраас ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлыг сайжруулах, ялангуяа мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, батлагдсан төсвийн хүрээнд олон шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.  
  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг зах зээлийн харилцаанд аажмаар шилжүүлэх зорилтын хүрээнд хамгийн түрүүнд нислэгийн цаг уурын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгааг харгалзан 2014 оноос энэ чиглэлийн судалгааг Нислэгийн цаг уурын төвд эхлүүлэхээр төлөвлөж байна. 
  Өнгөрсөн онд Нислэгийн цаг уурын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр томоохон амжилтад хүрсэн бөгөөд олон улсын ISO 9001 стандартын гэрчилгээг авснаар үйлчилгээний чанар олон улсын жишигт хүрэх бодит нөхцөл бүрдлээ.
  Цаашид 2016 онд Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орохоос өмнө амжиж НЦУТөвийн инженер, техникийн ажилтнуудын гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
  Нислэгийн цаг уурын үйлчилгээ авах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад зохих дүгнэлт хийж, улсын төсвийн зардлаар энэ бүх өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах боломжгүй байгааг харгалзан зах зээл өндөр хөгжсөн улс орны туршлагыг судалж, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээ явуулах, энэ чиглэлээр чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага тавигдаж байна.
  Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, улсын төсвийн орлогын нэлээд  хувийг уул уурхайн олборлосон бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд байгальд халгүй технологи нэвтрүүлэх, хяналт тавих асуудал дутагдалтай явж ирснээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл жил ирэх тутам нэмэгдэж, зарим бүс нутагт экологийн тэнцвэрт байдал алдагдаж, аюулын харанга дэлдэх боллоо.
  Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Мөрөн, Баянхонгор гэх мэт томоохон хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, стандарт хэмжээнээс давж бохирдох болсонтой холбогдуулан тус газраас орчны чанарын хяналтын сүлжээг өргөтгөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг дэс дараатай хийж ирлээ. 
  Хэдийгээр өнгөрсөн онд улсын төсвийн хүндрэлээс шалтгаалж, төлөвлөсөн зарим ажил хойшлогдсон, зарим нь төсвийн тодотголоор хасагдсан боловч дотоод нөөц бололцоогоо дайчлан ажилласны үр дүнд орчны хяналт шинжилгээний салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, технологийн шинэчлэлээр Герман улсад үйлдвэрлэгдсэн агаарын даралтын багаж шалгах барокамер болон БОП-1М-2 маркийн барометр ашиглалтад орсон ба лабораторийн тоног төхөөрөмж, эталон хэмжих хэрэгслүүдэд ээлжит болон ээлжит бус үзлэг үйлчилгээг графикийн дагуу хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж ажиллалаа.  
  Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингод технологийн шинэчлэл хийж, Цэвэр агаарын хяналтын ухаалаг систем нэвтрүүлэх ажлыг тус газартай хамтран гүйцэтгэж байна.
  Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөж, нийслэлийн агаарын чанарын албаны харъяанд ажиллаж байсан автомат ажиллагаатай суурин 4 харуулыг тус газрын агаарын чанарын хяналтын сүлжээний харуулуудтай нэгтгэн нэг систем болгох асуудлыг шийдвэрлэж байна.
   Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын автомат 10 суурин харуултай болох бөгөөд мэдээллийг нэгдсэн системд оруулж, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээ үүсгэж, шинэчлэн өргөтгөх боломж бүрдэж байна.
  Дээрхи ажлын явцад системийн технологийн холболтын шийдэл, программ хангамж боловсруулах, агаарын чанарын мэдээллийг олон нийтэд мэдээлэх систем, гадаа байрлах лед дэлгэц 10 ширхэгийг суурилуулж, мэдээллийн нэгдсэн сан, системийн удирдлагын хяналтын самбар байгуулах ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажилд шаардагдах 340 сая төгрөгийг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.
   Холбоо, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн эрин үед шинжлэх ухаан, техникийн сүүлийн үеийн ололтыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж чадвал мэдээлэл, үйлчилгээний ажлыг эрс сайжруулж, хэрэглэгчдэд чанартай, нарийвчлал сайтай мэдээллээр шуурхай үйлчилж, эрсдлээс хамгаалах бодит боломж бүрдэж байна.
  Сүүлийн жилүүдэд манай оронд интернетийн хэрэглээ огцом нэмэгдэж, хэрэглэгчдийн тоо, шуурхай мэдээлэл хүргэх боломжийн хувьд кабелийн телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс олон талаар давуутай болохоо батлан харуулсаар байна.
  Ус цаг уур, орчны мэдээллийн шуурхай байдлыг хангах зорилгоор тус газраас өнгөрсөн оны эцсээр интернетэд суурилсан телестудийг байгуулж, Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн өмнө ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.
  Монгол улсын Засгийн газраас баталсан “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ус цаг уур, орчны мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор 2013 оны 11 дүгээр сард “Multi Stream” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, өнөөдөр ийнхүү интернэтэд суурилсан теле студи маань анхны мэдээгээ хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.
  Интернэтэд суурилсан теле студи ажиллаж эхэлснээр Цаг уур, орчны шинжилгээний газар болон харьяа мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй ус цаг уур, орчны төлөв байдлын урьдчилсан болон бодит мэдээ, мэдээллүүдийг орчин үеийн түвшинд нарийвчлан боловсруулж, интернет ашиглан, www.tsag-agaar.mn болон бусад цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд шуурхай хүргэж, байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, эрсдлийг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
  Нөгөөтэйгүүр сувгийн телевизээр дамжуулах ус цаг уур, орчны мэдээллийн хэлбэр, агуулгыг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна.
  Энэ чиглэлээр Ийгл телевизтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлыг зах зээлийн горимд нь оруулж, ус цаг уурын мэдээллийн өмнө, хойно дамжуулах сурталчилгаанаас олж буй орлогыг хувь тэнцүү хэмжээгээр хуваарилах, Ийгл телевизийн зүгээс манай албаны бүтцэд ажиллаж эхэлж буй интернетэд суурилсан теле-студийг ажиллуулахад 30-40 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж  байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
   Дээрхи теле-студийн цахим хуудаснаас хэрэглэгч Монгол улсын Ус цаг уурын албанаас гаргаж буй бүх төрлийн урьдчилсан болон бодит ажиглалтын мэдээ, 6, 12, 24 цаг, 7-10 хоног, сар, улирлын урьдчилсан мэдээ, аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээ, агаар, ус, хөрсний чанар, ган, цөлжилт, үүлшил, цасан бүрхүүл, бэлчээрийн ургамлын ургалт, өвчин хортны тухай мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээн авах боломжтой болж байна.
  Интернетэд суурилсан теле студи нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн, өндөр хөгжилтэй улс орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд энэхүү теле студийг Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90  жилийн ойн өмнөхөн  ашиглалтад оруулж байгаа нь манай ус цаг уурчдаас түүхт ойдоо барьж буй шинэлэг бүтээн байгуулалтын ажил болж байна.
   Монгол улсын Засгийн газраас 2014 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан бөгөөд ийнхүү 90 жилийн ойн өмнөхөн төрөөс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэсэн, өртөг зардал багатай, олон хэрэглэгчийг өөртөө татсан интернетэд суурилсан цахим үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ юм.  
  2013 он салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр дорвитой алхам хийсэн бүтээлч хөдөлмөрийн жил байлаа.
  Тус газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 82 дугаар тогтоолоор баталсан ‘’100 мянган айлын орон сууц’’ хөтөлбөрийн нэмэлт жагсаалтад хамрагдсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт БОХТЛабораторийн хашаанд байршилтай Ус цаг уурчдын орон сууцны зориулалттай зоорийн давхар бүхий 3 орцтой, 12 давхар 197 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, суурийг нь тавьж, энэ онд барьж дуусган, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ нь 90 жилийн түүхтэй Монгол улсын Ус цаг уурын албаны хувьд анх удаа тохиож буй томоохон хэмжээний бүтээн байгуулалт, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж буй түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал арга хэмжээ болж байгааг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
  Хэдийгээр энэ оны 3 дугаар сард Ус цаг уурын албаны томоохон ой тохиож байгаа хэдий ч энэ салбарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж буй ажиллагсад, амьдралын хувьд дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа ус цаг уурчиддаа сэтгэлийн дэм тус хүргэх зорилгоор саяхан цагаан сарын шинийн 4-ний өдөр тус газрын үе үеийн удирдлагууд цуглан сайн санааны хандив өргөж, Элбэрэл нэртэй санг байгуулахаар шийдвэрлэж, анхны хандив цугларч байгааг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
  Цаашид энэ сан улам өргөжиж, энд цуглаад байгаа удирдах ажилтнууд дэмжиж, хамтран ажиллаж, ус цаг уурчид сайн яваадаа урам хайрлаж, ядарсан нэгэндээ дэм болж, гар, сэтгэл нийлж ажиллаж чадвал манай албаны ажилд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.  
  Өнгөрсөн онд наадмын өмнөхөн тус газраас Apple iOS болон Google Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан Цаг агаар application-г бүтээлээ.
  Уг application нь ажиглалтын, урьдчилсан, орчны чанарын, санал хүсэлт, тухай гэсэн үндсэн 5 цэстэй бөгөөд хэрэглэгч гар утсандаа татан авч суулгаснаар Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон сумдын цаг агаарын бодит мэдээ, гадаргын усны мэдээг 62 голын 93 харуул дээр хэмжилт хийсэн усны түвшин, температур, Туул голын 13 цэг дээр хэмжилт хийсэн 5 үзүүлэлтээр сар тутамд, цаг агаарын урьдчилсан мэдээ, орчны чанарын мэдээ, агаарын чанарын мэдээг гар утсаараа 3 цаг тутамд шууд хүлээн авах боломж бүрдэж байна.
  Энэхүү программыг нэвтрүүлснээр ус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг гар утсаар дамжуулан шуурхай түгээж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг урьдчилан сэрэмжлүүлэх,  учирч болох хохирлыг бууруулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. 
   Өнгөрсөн онд Булган, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн 6 аймгийн бэлтгэл ажлыг хангуулан шилэн кабелийн сүлжээнд шилжүүлэх ажлыг амжилттай дуусгаснаар одоогийн байдлаар 15 аймгийг шилэн кабелийн сүлжээнд холбож, үлдсэн аймгуудад хиймэл дагуулын холбооны үелзлэлийн зурвасыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Ингэж аймгуудыг шилэн кабелийн сүлжээнд шилжүүлснээр аймаг тус бүр шилэн кабелиар 680 кбит/сек хурдтай мэдээ солилцож, VSAT сүлжээнд үлдэж байгаа 5 аймгийн мэдээ дамжуулах хурд аймаг тус бүрт 4 дахин нэмэгдлээ.
  Ус цаг уур, орчны мэдээллийн сүлжээ нь 800-гаад хэрэглэгч бүхий томоохон сүлжээ болсон тул сүлжээний аюулгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор бүтэц зохион байгуулалтад аудит хийлгэсний үндсэн дээр нэгдсэн сүлжээний зохион байгуулалтыг өөрчлөн одоогийн байгаа тоног төхөөрөмжийн нөөц бололцоог ашиглан хамгийн оновчтой байх хувилбараар зохион байгуулан ажиллуулж байна.
  2014 онд мэдээллийн сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах арга хэмжээ авч хэрэглэгчийн вирусын программ хангамж, шинээр хамгаалалтын төхөөрөмж суурилуулан сүлжээг зохион байгуулах, аймгуудын төвийн станцуудыг камержуулж, өөрийн ажиглалтын цэг салбаруудыг интернетэд холбон цаг агаар, байгаль орчны бүхий л мэдээллийг ажиглалтын цэгээс шуурхай дамжуулах, хүлээн авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.   
  БОНХ-ийн яамнаас 2014 оныг Байгаль орчны мэдээллийн ил тод  байдлыг хангах жил болгон зарласан бөгөөд энэ зорилтыг ханган биелүүлэхийн тулд салбарын хэмжээнд тусгай төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах шаардлага тавигдаж байна.
  Өнгөрсөн онд тус газраас олон улсын болон 2 талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллалаа.
  ДЦУБ-ын бүсийн сургалтын төвүүдэд болон хоёр талын хамтын ажиллагааны протоколын дагуу нийт давхардсан тоогоор 92 мэргэжилтэн Америк, Хятад, өмнөд Солонгос, Япон, Тайланд, Финланд зэрэг улсуудад богино хугацааны сургалт, хурал, зөвлөлгөөн, семинарт хамрагдсан байна.
  Өнгөрсөн онд хоёр талын шууд хамтын ажиллагаатай Орос, Хятад, Солонгосын талтай байгуулсан хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэхэд анхаарч, Хятадын талтай хамтран ажиллах протоколыг шинэчлэн байгуулав.
  Энэ жилийн удирдах ажилтны семинар, зөвлөлгөөнийг өмнөхөөсөө арай өөр хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Аймгуудын тайлан хэлэлцэх нэрээр, шүүмж хэлэх нэрээр үнэтэй цагийг зориулдаг байсныг өөрчилж, энэ удаагийн семинар, зөвлөлгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2030 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
  2020 он гэхэд олон улсын түвшинд эдийн засгийн бүхий л салбарт мөнгөн ус хэрэглэхгүй байх конвенци батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд манай улс энэ конвенцид гарын үсэг зурж, нэгдэн орсон тул ойрын 5 жилд багтаан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд ашиглаж буй мөнгөн уст хэмжлийн багажуудыг зайнаас хэмжих автомат багаж, төхөөрөмжөөр бүрэн солих шаардлага тавигдаж байна.
  Дээрхи зорилтыг ханган биелүүлэх зорилгоор тус газраас сүүлийн 3 жилийн хугацаанд улсын сүлжээнд цаг уурын автомат станцуудыг суурилуулах ажлыг эрчимтэйгээр хийж ирсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд Ус цаг уурын 135 өртөөг Финланд улсын Вайсала компанид үйлдвэрлэсэн AWS 310 маркийн хамгийн орчин үеийн автомат цаг уурын станцаар 100 хувь хангах боломжтой болж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
  2013 он манай салбарын хувьд техник, технологийн шинэчлэл хийгдсэн жил байлаа.
  Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлэх үүрэг бүхий манай байгууллагын хувьд орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ, хөтөлбөрийг өргөтгөх, мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр хийх ажил өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Дээрхи арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төв, орон нутгийн ажлын давхардлыг арилгах, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын бие даасан ажиллагааг хангах, хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын  хөтөлбөрийг өргөтгөх, хяналт шинжилгээний улсын сүлжээнд техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага тавигдаж байна.

  Дээрхи зорилтын хүрээнд тус газраас орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын бие даасан ажиллагааг хангах, ажлын давхардлыг арилгах, анхан шатны ажиглалтын материалд хийх шүүмж шалгалтыг дэс дараатайгаар орон нутагт шилжүүлэх арга хэмжээг авч байна.

  Цаг уур, ус судлал, нарны цацраг судлал, хөдөө аж ахуйн цаг уурын чиглэлээр ус цаг уурын өртөө, харуулд хийсэн анхан шатны ажиглалтын материалын чанарт  хүрээлэнгээс хийж байсан техник, шүүмж шалгалтыг орон нутагт шилжүүлснээр зарим ажлын давхардал арилж хүрээлэнгийн 10 орчим ажилтан уур амьсгалын судалгаа, орчны судалгааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх боломжийг бүрдүүллээ.  

  Нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанд газраас синоптикийн 2 орон тоог шилжүүлснээр цаг агаарын урьдчилсан мэдээг Багануур, Тэрэлж, Гачуурт, Партизан гэх мэт хотын дүүргүүдээр цаг хугацаа, нутаг дэвсгэрийн хувьд  нарийвчлан гаргаж үйлчлэх, цаашид Улаанбаатар хот, дүүргүүд, аж ахуйн нэгж байгууллагад ус цаг уур, орчны бүхий л мэдээллээр бие даан үйлчлэх нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  

  Боловсон хүчнийг сургах, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийг бэлдсэний үндсэн дээр  цаг уур, уур амьсгал, аэрологиийн  анхан шатны материалын боловсруулалтыг цаас бага хэрэглэдэг технологид шилжүүлэх, анхан шатны шүүмж шалгалтыг орон нутагт хийдэг болсноор энэ ажил орон нутагт төлөвшиж цаас, цаг хэмнэх, ажлын чанарыг сайжруулах талаар ихэнх аймгууд бие даан ажиллах түвшинд хүрч байна. Цаашид ус судлал, хөдөө аж ахуйн цаг уур, цөлжилтийн хяналт шинжилгээний анхан шатны шалгалтыг дэс дараатайгаар орон нутагт шилжүүлэхээр төлөвлөж байна.  

   Олон улсын хэмжээнд ус цаг уурын шинжилгээнд зайнаас хэмжих автомат техник төхөөрөмж нэвтэрч, хүнээс шалтгаалах алдааг багасган хэмжлийг минут секундээр тасралгүй хийдэг горимд шилжиж байна. Манай албаны хувьд ч ус цаг уур, орчны хяналт шинжилгээг автомат хэмжлийн горимд шилжүүлэх ажлыг батлагдсан төсөв, зардлын хүрээнд дэс дараатай хийж байгаа бөгөөд  2014-2015 онд багтаан бэлчээрийн хөрсний чийг тодорхойлох ажлыг 100 хувь автомат хэмжлийн горимд шилжүүлж, ус судлалын харуулд усны түвшин,  Ph, температурын автомат хэмжлийн  төхөөрөмжийг ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.  
  Цаашид өртөөдийн тоог бага зэрэг нэмэгдүүлж, 2030 он гэхэд 150 өртөөтэй болох зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд харуулыг өргөжүүлж өртөө болгож, орон тоог нэг их нэмэгдүүлэхгүйгээр ажлын хөтөлбөрийг зохицуулах, хүн ажиллах боломжгүй газарт бүрэн автомат багажуудыг тавьж ажиллуулах замаар асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж байна.

   Аэрологийн өртөөний тоог нэмэгдүүлж, автомат хэмжлийн багажаар хангах, суурин радарын нэгдсэн сүлжээг байгуулж, 2030 он гэхэд Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг радарын дэлгэцээр бүрэн хянадаг болох томоохон зорилтыг ойрын 15 жилд хэрэгжүүлэхээр дэвшүүлж байна.
  Монгол орны хэмжээнд үргэлжилсэн болон тасалданги цэвдэг бүхий газар хяналт шинжилгээг 60 цэгт хийж эхэлснээр цаашид цэвдэгийн төлөв байдал, цаашдын хандлагыг үнэлэх нөхцөл бүрдэж байна.

  Секундэд 6,5 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай орчин үеийн супер компьютерийг 2012 оноос  ашиглаж эхэлснээр цаг агаарын богино, дунд хугацааны урьдчилсан мэдээний орон зай, цаг хугацааны нарийвчлал сайжрах нөхцөл бүрдэж,  урьдчилсан мэдээг сумдын нутгаар гаргаж эхлэх боломж бүрдэж байна.  
.   
  Ус цаг уур, орчны сүлжээг өргөтгөх, улсын сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийхтэй холбогдуулан төв, орон нутгийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагжуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд улсын төсөв, олон улсын төслийн зардлаар олон удаагийн сургалтыг зохион байгуулж хийсэн нь зохих үр дүнгээ өгч, шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанар сайжрах бодит нөхцөл бүрдэж байна.

  Гэвч боловсон хүчний сахилга, хариуцлага зарим газарт хангалтгүй байгаагаас үүдэн шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарт сөргөөр нөлөөлөх явдал амь бөхтэй байсаар байгаа бөгөөд орон нутаг, төвийн мэргэжлийн байгууллагын ажлын давхардал бүрэн арилж чадахгүй байна.

  Шинэ техник технологи нэвтэрч байгаа ч эрчим хүчний тогтвортой ажиллагаа, газардуулгын чанар, боловсон хүчний чадавхи, дадлага туршлагаас шалтгаалсан багаж төхөөрөмжийн гэмтэл нэлээд гарч, анхан шатны ажиглалтын мэдээ, мэдээллийн чанарт аймгийн УЦУОША-наас тавих хяналт хангалтгүй, мэдээ, материалыг орон нутагт шалгаж байгаа ч алдааг бүрэн илрүүлж засахгүй, төвийн мэргэжлийн байгууллагаас шаардуулж байж засах дутагдал үргэлжилсээр байгааг таслан зогсоохыг албадын дарга нараас хатуу шаардаж байна.

  Хэдийгээр боловсон хүчнийг ажилд авах, чөлөөлөх нь захирлуудын эрхийн асуудал боловч сургаж дадлагажуулсан боловсон хүчнийг өөр ажилд шилжүүлэх, зарим тохиолдолд ажлын чадваргүй, мэргэжлийн бус  хүнийг ажилд авах дутагдал зарим аймагт гарч  байгаа нь байж боломгүй зүйл гэдгийг сануулж, дээр дурьдсан алдаа, зөрчил, дутагдлыг өөрийн хариуцсан байгууллагынхаа өдөр тутмын ажлаас таягдан хаяж, Ус цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулж удахгүй болох гэж буй албаныхаа түүхт ойг ажлын өндөр амжилтаар угтахыг та бүхнээсээ хүсье.

Төрийн байгууллагуудын мэдээлэл