Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛ, БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ ХҮСДЭГ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРАГ, ЗАХИДАЛ, ЭССЭ БИЧЛЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2017-06-15 10:21:16

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛ, БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ ХҮСДЭГ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРАГ, ЗАХИДАЛ, ЭССЭ БИЧЛЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хүүхдүүдийнхээ хөгжил оролцоог дэмжих зорилгоор БСШУСЯ, ГБХЗХГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан компанитай хамтран “Цахим орчин дах гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэг, олон улсын захидал бичлэгийн уралдаан мөн Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” гар зураг эссэ бичлэг, шүлгийн уралдааныг үндэсний хэмжээнд тус тус зохион байгуулсан юм. “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зургийн уралдаанд улсын хэмжээнд нийт 3511, эссэ бичлэгт 4625 хүүхэд бүтээлээ ирүүлсэн бол “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” уралдаанд нийт 5000 орчим хүүхдүүд өөрсдийн сэтгэл шингэсэн бүтээлээ илгээлээ. Уг уралдааныг зохион байгуулснаар хүүхэд тэр дундаа өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Ингээд “Цахим орчин дах гадуурхал” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрт Дорнод аймаг, Хэрлэн сум 8-р сургууль, 4а ангийн сурагч Ц.Билгүүн, эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Завхан аймаг, Тосонцэнгэл, 2-р сургууль 12б ангийн сурагч Ш.Лхагважаргал, Олон улсын захидал бичих уралдааны тэргүүн байрт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, БЦС 8а ангийн сурагч П. Гэрэлтуяа нарын бүтээл тус тус шалгарсан юм. Мөн “Шилдэг оролцоотой сургуулийг тодруулсан бөгөөд тэргүүн байрт нийслэлийн БЗД, Баянзүрх цогцолбор сургуулийн хамт олон шалгарлаа. Хүүхэд багачуудаар овоглосон энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд ХНХЯ-ны Дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Флип Эйвэрт, Монгол шуудан компаний Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Монгол шуудан компаний Бодлогын хөгжлийн газрын захирал Д.Лхагвадорж нар хүрэлцэн ирж хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, шагналыг нь гардуулан өглөө. Дашрамд дуулгахад “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” уралдааны шилдэг оролцогчид өнгөрсөн сард тохиосон Олон Улсын Гэр бүлийн өдрөөр шагналаа гардан авсан юм. Мөн тус үзэсгэлэн 6 сарын 5-ны өдрийг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд гарна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл