Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн Газрын 4 дүгээр тогтоолоор анх удаа төрийн үндсэн бүтэцдээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар 90 жилийн түүхтэй Хүүхдийн төлөө үндэсний газрыг түшиглэн байгуулсан билээ. 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/42 тушаалаар үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан бөгөөд Тамгын газар, Гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхэд хөгжил хамгааллын газар, Залуучуудын хөгжлийн газар, Хяналт шинжилгээ, үнэлгээний газар гэсэн нийт 35 албан хаагчтай байхаар зохион байгуулав. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөл ("Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн төсөлд тусгагдсанаар)-ийн ажлын алба байна.

Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ. 

Агентлагийн үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байна. Агентлагийн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас хүн амын бүлэг, гэр бүл, хүүхэд, залуучууд, олон нийт нөгөө талаас Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны, гадаад орны болон олон улсын, төрийн ба төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагууд байна.

Үйл ажиллагааны эрхэм зорилго:

Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд оршино. 

Бид дараах тэргүүлэх чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 

- Суурь судалгаанд үндэслэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх

- Хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах орон нутгийн нэгж, харъяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх

- Залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөлөл, хамтын ажиллагаа, түншлэлийг хангах

Харьяа байгууллага:

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв

- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв

Салбар байгууллагууд:

-21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн 11-р байр 

 Утас:  51-262129, 261824, 62263101

Цахим хаяг: www.fcy.gov.mn

Фэйсбүүк хаяг: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 


Төрийн байгууллагуудын мэдээлэл