УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нэмэгдсэн: 2017-09-21 13:27:20

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Монгол Улсын томоохон гол, мөрөн, нууруудад тэр дундаа Хөвсгөл нуурт 2000 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 10 хүрэхгүй усан замын тээврийн хэрэгсэл тоологдож байсан бол аймгийн төвүүдийг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж, орон нутаг руу чиглэсэн гадаад, дотоодын аялагчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбар ч мөн  хөгжин хүрээгээ тэлсээр байгаа билээ.

Иргэд зуны улиралд гол, мөрөн, нуур бүхий Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялж амрах хандлага нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү аялал жуулчлалын урсгалыг даган хувийн завь бүхий иргэд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх болсон байна. 2017 онд зөвхөн Хөвсгөл нуурт гэхэд л зуны улирал, баяр наадмын  амралтын  өдрүүдэд нийт 60000 орчим дотоодын болон гадаадын жуулчид амарсан гэсэн тооцоо гарсан байна.

Аялж, амарч буй иргэдийн дийлэнх хувь нь усан замын тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад бага оврын завийг сонгон үйлчлүүлдэг байна. 2017 онд ЗТХЯ-наас Монгол орны томоохон гол мөрөн, нууруудад зорчигч тээврийн зориулалтаар усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр батлагдсан хуулийг сурталчлах сургалт, семинарыг зохион байгуулснаас гадна усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц арга хэмжээ болгон зохион байгуулсан юм.

Дээрх техникийн үзлэг, шалгалтыг хэрхэн зохион байгуулсан болон шалгалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Манай улсад хичнээн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ? Эдгээр тээврийн хэрэгслүүд нь шаардлага хангасан байдаг уу? Техникийн үзлэг, шалгалтыг зам, тээврийн салбарт анх удаа хийж эхэлсэн гэж сонслоо?

Энэхүү техникийн хяналтын үзлэг шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 110 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Далайн захиргаа, Авто тээврийн үндэсний төвийн орон нутаг дахь техник оношлогооны алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутаг дахь улсын байцаагчдыгоролцуулан өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл, Архангай, Ховд, Увс зэрэг томоохон нуур, гол, мөрөн бүхий аймгуудад ажиллаж, үзлэг, шалгалтыг зохион байгуулснаас гадна улсын бүртгэлд хамрагдаагүй байсан усан замын тээврийн хэрэгслүүдийг бүртгэлд хамруулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй  155 усан замын тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 122 усан замын тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт тэнцсэн байна. Хөдөлгүүрийн болон бусад  техникийн эвдрэл, гэмтлийн улмаас хөвөлтөд гараагүй буюу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй усан замын тээврийн хэрэгслийг зөвхөн тооллогод хамруулаад байна.

-Завинд хийгдэх техникийн үзлэг шалгалт нь автотээврийн хэрэгсэлд тавигдах шалгуур үзүүлэлтээс ялгаатай юу?

АТҮТ-ийн техникийн үзлэг шалгалтад шаардлагатай зөөврийн техник, багаж, хүн хүчний нөөц боломжийг ашиглах, хамтран ажиллах, зарим хүрч ажиллах бололцоогүй аймгуудад тус байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдээр нь дамжуулан уг үзлэг шалгалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч энэхүү үзлэг шалгалтыг явуулсан юм. Мөн ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид хариуцсан чиглэлийн шалгалтыг хийсэн. Ажлын хэсгийн зүгээс усан замын тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг шалгалтыг явуулахдаа хэд хэдэн шалгууруудыг гол үзүүлэлт болгосон. Тухайлбал, усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утааны бохирдлыг авто машины хөдөлгүүрээс ялгарах утаан дахь нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрс устөрөгч зэрэг бодисын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээтэй дүйцүүлсэн байдлаар зориулалтын багажаар шалгаж, зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр хувьтай гарсан тээврийн хэрэгслийг зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд  хөвөлтөд гаргахгүй байх, хориглох арга хэмжээг авч ажилласан. Мөн завины ёроолын усыг шавхагч насосын  ажиллагаа хэвийн байгаа эсэх, завины их бие болон ёроол цоороогүй, шатахууны савны битүүмж, хөдөлгүүрийн тосны хэмжээ хэвийн түвшинд байх, түүнийг цаг тухайд нь сольж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн аврах хэрэгсэл, хантааз, цагираг, уяа оосор, якорь, гэрэлтүүлэг, дохио, эмийн сан, галын хор зэрэг аюулгүй ажиллагаатай холбоотой дагалдах хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг шалгасан.

-Техникийн үзлэг, шалгалтыг цаашид жил бүр зохион байгуулах уу?

“Усан замын тээврийн тухай” хуучин мөрдөж байсан хуулинд уг үзлэгийг гурван жил тутам хийхээр заасан байсныг өөрчилж хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу жил тутам зохион байгуулахаар болсон. Үзлэгийг жил бүр зохион байгуулах гол зорилго нь нэгдүгээрт, техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хяналт тавих ажлын хүрээнд усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаатай холбоотой техник, хэрэгслийн бүрдэл, бэлэн байдал,  аврах хантаазнуудыг зорчигчдын тоогоор авч явж байгаа эсэхийг шалгах, хоёрдугаарт, байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага хангахгүй, үзлэгт тэнцээгүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглох ажлыг хэвшүүлэх явдал юм.

-Цаашид дотоодын усан замын тээврийг хөгжүүлэхэд танай байгууллагын зүгээс ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

Манай байгууллагын зүгээс усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг “жолоочийн хариуцлагын даатгал”-д хамруулах, зорчигчдыг амь насны даатгалтайгаар зорчуулдаг болгох асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ нь усан замын тээврийн хэрэгслээр  үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ болох юм.

Манай улсад усан замын тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байгаа нь цаашид энэ салбарын дүрэм, журмыг тодорхой болгох, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахыг биднээс шаардаж байгаа юм.

Мөн шинээр батлагдсан “Усан замын тээврийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усан замын тээврийн салбарын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнд “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалтын хөтөлбөр батлах”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-уудын төслийг боловсруулж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл