ТӨМӨР ЗАМЧИДДАА БАЯРЫН МЭНД ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

Нэмэгдсэн: 2017-08-04 11:21:03

ТӨМӨР ЗАМЧИДДАА БАЯРЫН МЭНД ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төмөр замын салбарын түүхт хуудсыг зузаалан буй үе үеийн төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээх 79 жилийн өмнө нийслэлийг эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор Налайх-Улаанбаатарын чиглэлд анхны галт тэрэг аялснаар “хөгжилд хөтлөх гүүр” бий болж, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэгч, иргэдийн амьдралд үлэмж хэмжээний хувь нэмэр оруулахуйц салбарын суурь тавигдсан билээ.

Эдийн засгийн өсөлтийг даган нийгмийн хөгжлийн зүй ёсны хэрэгцээ шаардлагаар төмөр замын бүтээн байгуулалтыг цогцлоох, ачаа тээвэр, зорчигч тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлууд өдгөө амжилттай үргэлжилсээр байна. Тухайлбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсч, 2017 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ 15 гаруй хувиар нэмэгдсэн. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлын суурийг тавьснаар ойрын ирээдүйд төв коридорын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 30 гаруй сая тонноор нэмэгдэх боломж бүрдэх юм. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулахад онцгой ач холбогдолтой Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг ээлж дараатай эхлүүлж, төмөр замын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах их үйлсэд нийт төмөр замчдын хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй юм.

Түүнчлэн манай улс анх удаа нүүрсийг задгай чингэлэгт ачин БНХАУ-ын Тяньжинийн далайн боомт хүртэл тээвэрлэдэг болсон нь улс орны эдийн засгийг хүндрэлээс гаргахад бодит хувь нэмрээ оруулсан ажил боллоо.

Мэргэжлийн Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үйлдвэрлэлийн бодлогыг тууштай дэмжиж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх тал дээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд УБТЗ нийгэмлэг болон Монголын төмөр зам компанид дотооддоо хагас болон тавцант вагон үйлдвэрлэх үүрэг даалгавар өгсний дагуу БНХАУ, ОХУ, Казахстан, Узбек зэрэг улсуудад судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр монгол инженерүүд ачааны вагон угсарч эхэллээ. Цаашид энэхүү үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож импортоор авч буй вагоны эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэх боломж, ур ухаан манай үндэсний аж ахуйн нэгжүүд тэнд ажиллаж буй алтан гарт ажилтнуудад бүрэн бий гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан, нөр их хөдөлмөр туршлагаараа үлгэрлэж буй нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д. ГАНБАТ


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл