ТӨМӨР ЗАМЧИН НОРОВ ӨВӨӨ

Нэмэгдсэн: 2017-08-02 10:10:12

ТӨМӨР ЗАМЧИН НОРОВ ӨВӨӨ

...Хоёр сарын өмнө Сэлэнгийн Зүүнхараа хотын вагон депод 40 жилийн амьдралаа зориулсан нэгэн буурайтай учран золгох хувь зохиол тохиосон юм. Зургадугаар сарын эхээр тэнгэр хур бороогоо харамласан, хуурай шороо боссон үе байлаа. Энэ үед монгол инженерүүд өөрсдийн гараар вагон угсарч, нээлтээ хийсэн баярт үйл явдал тохиосон билээ. Энэ арга хэмжээг сурвалжлахаар хэдэн сэтгүүлчид зам тээврийн салбарынхныг дагаж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг зорьж очсон юм. Хөдөө нутгийг өвсөн төгөл, уул, усаар төсөөлдөг надад харин ч эсрэгээрээ зам тээвэр хөгжсөн сүрхий суурин угтан авсан даа. Угсарсан вагоноо өлгийдөн авахаар ирсэн холын гийчдийг Зүүнхараагийн вагон депогийнхон социализмийн үеийг санагдуулам алга нажигнуулан угтсан билээ. Ингээд Улаанбаатар төмөр замын Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд салбарын сайд болон дагалдан явагсадад үйл ажиллагаагаа танилцуулж эхлэв. Энэ үеэр энгэртээ одон медаль гялалзуулсан хэдэн хөгшин л нүдэнд харагдаад байлаа. Хайр татаж, уярал хайрламаар тэдгээр хөгшдөөс хамгийн ихээр нүдэнд туссан буурайтай уулзаж, ярилцах санал тавихад уриалгахан хүлээн авсан юм.

Бид хоёр олны хөлөөс холдож, хуучин байшингийн сүүдэрт яриа өрнүүллээ. Энэ буурайг Ж.Норовханд гэдэг. 1966 онд 22 насандаа энэ сууринд ирж ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Ихийг хийж, бүтээх хүсэл эрмэлзлэлтэй залуугийн сэтгэлд аавынх нь хэлсэн хэдэн үг эргэлдэж байсан тухай хэлэхдээ тэрбээр нүдэндээ нулимс цийлэгнүүлж байлаа. Ж.Норовханд гуай гүнзий гэгч нь амьсгаа авч тамхиа асаах зураа “Аав минь надад “Олон байгууллагын хаалга битгий татаарай” гэдэг ганцхан захиас хэлсэн. Нэг газраас нөгөөд дамжин хэн ч биш болох вий гэж эмээж хэлсэн үг нь юм шиг байгаа юм. Тэгээд би энэ байгууллагаас холдохгүй гэдэг зарчмыг яс баримталсан даа. Аавынхаа захиасыг биелүүлсэн гэж боддог. “Чанаргүй арван юм хийснээс, чанартай таван юм хий. Чамайг хүмүүс удаан хийлээ л гэнэ биз. Хамгийн гол нь чанартай юм хий” гэдэг байлаа. Миний аав жолооч мэргэжилтэй, боловсрол багатай хүн шүү дээ. Гэхдээ л амьдралын ухаантай хүн байсан даа” хэмээн тамхиа нэрэнгээ нүдэндээ нулимс гялтгануулан хэлсэн юм. Энэ үед “Хүний хувь тавиланг бурхан анхнаасаа зурсан байдаг” гэдэг үг үнэн бөгөөд амьтай санагдаж байв. Төмөр замд бүхий л амьдралаа зориулж, эндээ ган мэт гагнагдсан хөх өвгөний гэрэлтсэн харц амьдралыг ухааруулах шиг санагдаж байлаа.  

Засварчнаас ерөнхий инженер хүртэл

1962 он Вагоны аж ахуйн хөгжлийн жил байв. Зүүнхараагийн паравозын депог Ачаа, суудлын вагон засах депо, Улаанбаатар өртөөний засварын газрыг Суудлын вагоны ашиглалтын депо болгон байгуулж, бие даасан баланстай аж ахуйн нэгжүүд бий болж байсан цаг үе. 1976 онд Улаанбаатарын суудлын вагон депогийн өргөтгөл баригдан ашиглалтад орж, суудлын вагоны үечилсэн засварыг тус депод шилжүүлснээр ачаа, суудлын вагоны хугацаат засварын ажил төрөлжиж эхэлсэн байна. Улаанбаатар төмөр замд 1956 оноос дөрвөн голт ачааны вагон, 1960 оноос бүрэн төмөрлөгдсөн суудлын вагон ирж гинжин угсраанаас, авто угсраанд, гулсах гүүшингээс өнхрөх хольхивчтой гүүшинд шилжсэн  техникийн шинэчлэлтүүд техник, технологийн томоохон дэвшлүүдийг бий болгосон байдаг. Эдгээр шинэ технологийг эзэмших, нутагшуулах, депо болон завод засварын дүрэмд нийцүүлж засах талаар тус салбарын ахмад инженерүүд үр бүтээлтэй ажилласан гэдгийг Улаанбаатар төмөр замын Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд хэлж байлаа. Эдгээр инженерүүдийн нэг нь яах аргагүй Ж.Норовханд гуай юм.

Тэрбээр Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд долдугаар анги төгсчээ. Түүний багийн мөрөөдөл нь вагоны жолооч болох байсан гэнэ. Тухайн үед Налайхаас Улаанбаатар руу төмөр замаар нүүрс зөөдөг байжээ. Тус вагон Улсын төв номын сангийн урд түр зогсох зуур Ж.Норовханд хүү найзынхаа хамт дээр нь гарч суудаг байж. Энэ үеэс л вагоны жолооч болох хүсэл нь оволзож эхэлжээ. Ингээд аавдаа төмөр замд л орж, “вагом”-ын /вагон гэж хэлж чадахгүй “вагом” гэдэг байжээ/ жолооч болмоор байгаагаа хэлсэн байна. Харин аав нь “Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай. Сахилга бат сайтай. Сайхан газар. Чи ор” гэжээ. Ингээд Төмөр замын техникиумд орж мэргэжил эзэмшиж,  Сэлэнгийн Зүүнхараагийн вагон депод очиж ажиллахаар болов.

Ж.Норовханд вагон депод ирээд хоёр жил гаруй хугацаанд 7-8 ажил сольж хийсэн байна. Мужаан, засварчин, холигч инженер, техник тооцоологч, будагчин зэрэг ажлыг хийж байгаад 1967 онд механикийн мастер болжээ. Механикийн мастераараа 1969 он хүртэл ажиллаад техник хэлтсийн дарга болсон байна. Дараа нь засварын техникчээр ажиллаж байгаад засвар хариуцсан орлогч даргаар ажиллаж байх үед нь удирдлагууд нь  дуудаж, “Хос дугуйн цехэд мастераар оч” гэжээ. Мань хүн өөдөөс нь итгэлгүйхэн “Яагаад намайг энд тавьж байгаа юм бэ” гэж асууж орхиж. Түүний санаанд аавынх нь хэлсэн “Олон газрын үүд битгий татаарай” гэдэг үг л гагнаастай байсан хэрэг шүү дээ. Тэгээд л мань хүн  олон ажил солиод юу л болоод байна даа бодож. Гэтэл дарга нар нь “Чамайг тушаал буулгаж байгаа юм биш. Дуугуй үүрэг болгосон ажлыг хий” гэж лүндэн буулгажээ. Тэрбээр маргаашнаас нь эхлэн хос дугуйн инженерийг нэмэгдэл 15 хувийн цалинтай хийж эхэлсэн байна. Ингээд эндээ насаараа ажиллаж, аавынхаа захиасыг ч биелүүлсэн байна.   

Ж.Норовханд гуай “Манай вагон депо намайг 1964 онд ирж байхад хөгжил муутай байлаа. Тэр үед дөрвөн сарын хугацаанд хийж байсан ажлыг одоо нэг сард хийж байна шүү дээ.  Тухайн үед бүх зүйл гар ажиллагаатай байсан. Ажил их хүнд, бохир байлаа. Одоо бол цагаан бээлий халаадтай ч ажиллаж болохоор болж. Сунаж мөргөөд байх шаардлагагүй. Вагон депо өнөөдөр мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Энд дандаа инженерүүд байдаг. Депо үнэндээ танигдахаа больсон. Том хүчирхэг үйлдвэр болсон. Би ажиллах хугацаандаа оновчтой саналууд нэлээд хэдийг сэдсэн дээ” хэмээн ярьсан юм. Тухайн үед вагоны засварт шаардагдах багаж, хэмжих загваруудыг монголчууд өөрсдөө сэдэж, туршилт хийдэг байжээ. ОХУ-д төгсөж ирсэн хүчирхэг инженерүүд байсан учраас вагон депогийн хөгжил хурдтай байсан гэдгийг Ж.Норовханд гуай хэлж байв. Тэрбээр тэтгэвэрт гарсан хойноо нэг жил Зүүнхараагийн вагон депогийн ерөнхий инженер хийж байгаад одоо гэртээ сууж байна.

“Ямагт мэдлэгээ зузаатгаж бай” гэж залуучуудад захидаг

Ж.Норовханд гуай одоо 75 насыг зооглож байгаа бөгөөд Зүүнхараагийнхаа Баянхангай гэх энгэрт хувийн орон сууцандаа амьдарч байна. Бас болоогүй хоёр үхэр хариулдаг гэнэ. 22 настай энэ нутагт хөл тавьсан Норов өвөө хань ижилтэйгээ учирч, долоон хүүхдийн ээж, аав болжээ. Түүний охин Суудлын депод техникчээр ажилладаг бол  ач нь өвөөгийнхөө мэргэжлээр ажиллахаар суралцаж байгаа юм байна. Бас нэг ач нь вагонд төрсөн учраас Ганзам гэдэг нэртэй гэнэ. “Ганзамын ээж хөл хүнд өдрийн суудлаар ирж байгаад яг энэ депогийн ард төрсөн. Тиймээс Ганзам хүү маань 18 нас хүртлээ вагонд үнэгүй явлаа. Тэр маань төмөр замчин болно доо”  хэмээн тэрбээр бахархалтайгаар өгүүлсэн юм.

Ж.Норовханд гуай хүндэт төмөр замчин цол тэмдэгтэй. Түүнчлэн төр засгаас саяхан түүний гавьяаг үнэлж, Алтангадас одон хайрлажээ. Тэрбээр хэлэхдээ “Сайхан хамт олны ачаар харамсахааргүй ажиллаж, амьдарсан. Овоо олон шавьтай болсон. Шавь нар маань тэтгэвэрт гарсаар байгаад ганц, хоёрхон болсон доо. Одоо тэдний хүүхдүүд эндээ ажиллаж байна. Ер нь вагон депогоо түшиглэн амьдарч ирсэн гурван үе байна. Эд маань нийлээд 300 болж байгаа байх. Ер нь төмөр замчдыг эх орны гол хөдөлгөгч хүч гэж боддог. Төмөр зам улсын гол тээвэр шүү дээ.

Төмөр замгүй бол улс хэцүүднэ. Намайг энд анх ирж байхад дандаа Оросууд байсан. Тэднээс их юм сурсан даа. Би одоо залуучуудад  “Ямагт мэдлэгээ зузаатгаж бай” гэж захидаг. Бидний үед унших ном ховор байлаа шүү дээ. Хоёрхон орос ном уншдаг байлаа. Тэрүүгээрээ шалгалт  өгдөг байсан. Одоо бол мэдээлэл хангалттай байна шүү дээ. Өнөөдөр төмөр замд дандаа их сургууль төгссөн хүмүүс ажиллаж байна. Биднийг техникиум төгсөөд ирэхэд их сургууль төгсөөд ирсэн юм шиг хүлээж авдаг байлаа” хэмээн хуучилсан юм. Тэрбээр гэртээ зүгээр сууж чаддаггүй, болж л өгвөл вагон депо руугаа жирийлгэдэг зантай. Учир нь ажиллаж байсан газартаа ирэхэд агаар нь хүртэл танил дотно, сайхан мэдрэмж төрүүлдэг гэдгийг Норов өвөө хэлж байсан юм. Ургасан газартаа уусан шингэж, тэр газрынхаа үржил шим нь болдог улиас мод лугаа энэ хөх өвөөгийн эгэл амьдралыг өгүүлэхэд ийм байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл