АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

Нэмэгдсэн: 2016-09-08 17:12:31

АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзатын үеэр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт бүх салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг талууд онцоллоо.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбар чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд 1994 оноос хойш Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж энэ хугацаанд хэд хэдэн бодитой төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.

Тухайлбал Хархорин - Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто замыг ашиглалтад оруулахаас гадна Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Агаарын тээврийн салбарын хамтын ажиллаагааг өргөжүүлэх талаар хоёр улсын холбогдох байгууллагуудын хооронд өмнө нь олон удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулсан байдаг. Энэхүү асуудалд Монголын талаас баримталж байгаа байр сууринд өөрчлөлт ороогүй гэдгийг сайд Д.Ганбат хэллээ. Тэрээр автозамын салбарт тогтсон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн автотээвэр, далайн тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудыг ашиглаж тээврийн салбарт эрс шинэчлэлт хийх зорилгоо танилцуулсан юм. Ингэхдээ  энэ чиглэлд БНТУ-ын туршлагыг судлаж, хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.  Мөн Монгол Улс нь томоохон гол ус, нууруудтай бөгөөд дотоодын усан замыг хөгжүүлэхэд БНТУ-аас техникийн туслалцаа авч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран хэрэгжүүлэх төслүүд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгааг хэлж байв.

Түүнчлэн Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэнээр 5000-6000 ачааны вагоны хэрэгцээ шаардлага гарах тооцоо судалгаа бий. Энэ бүтээн байгуулалтад тодорхой саналуудыг хүлээн авч хамтарч ажиллахад бэлэн байгаагаа сайд Д.Ганбат илэрхийлсэн юм. Мөн тэрээр энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбох зорилт тусгагдсан талаар дуулгаад  үлдсэн 6 аймгийн автозамын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Элчин сайд Мурат Карагөз дээрх саналуудыг хүлээн авч “Засгийн газрын гишүүний чухал ач холбогдолтой албыг хашиж байгаа мэргэжлийн хүн гэдэг утгаар нь Шинэ засгийн газар таны туршлагыг бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгийн хөгжлөө тодорхойлно гэдэгт найдаж байна” гэлээ. Тэрээр БНТУ-ын Ерөнхий сайдын талаар товч дурдаад, 13 жил Зам, тээврийн салбарын сайдаар ажилласан болохыг онцолж байв. Мөн хоёр улсын зам, тээврийн салбар дахь саналуудыг дэмжиж, бүхий л түвшинд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улсын харилцаанд харилцан визгүй зорчих, Туркийн ИНЕГ-аас нислэг үйлдэж эхэлсэн ололт амжилтыг дурдаад харилцан ашигтай, хамтын ажиллагаатай байхыг эрхэмлэж, иргэний агаарын тээврийн чиглэлд тавих саналыг бүтээлчээр хүлээж авахыг хүссэн юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл