ЭРЭН ХАЙХ АВРАН ТУСЛАХ АЛБАДЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2016-08-25 09:24:06

ЭРЭН ХАЙХ АВРАН ТУСЛАХ АЛБАДЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт-SAREX-2016 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд өнөөдөр эхэллээ.

  Иргэний агаарын  хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байна. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийсэн юм. Энэхүү сургуулилтын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников нар нээж, үг хэлэв.

Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгд тооцож, иргэний нисэхийг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилт тавьж байгааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нээлтийн эхэнд онцлон хэллээ. Тэрээр  энэ салбарын хөгжлийг хангах бодлого стратегийг авч үзэхдээ иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангах, энэ чиглэлээр олон улсын дэвшилтэт арга ажиллагаа, сайн туршлагыг судлан хэрэгжүүлэхийг бодлогын салшгүй нэг хэсэг болгон дэмжихээ илэрхийллээ. Энэхүү сургуулилтыг говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад амжилттай дадлага, сургуулилт болох ач холбогдолтойг хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус үйл ажиллагаанууд удаа дараалан гарч, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах асуудалд дэлхий дахинаараа онцгой анхаарал хандуулж буй өнөө үед Монгол Улс өөрийн нутаг дээр аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, бусад орнуудад эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох бололцоо олгох үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зорьж байгаа гэдгийг дэд сайд Б.Цогтгэрэл цохон дурдлаа. 

  ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа “SAREX-2016” сургуулилтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн дөрөвдүгээр хамтарсан сургуулилт говь, хангай хосолсон элсэрхэг бүс нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нийт 126 хүний бие бүрэлдэхүүнийг хамарсан томоохон хэмжээний сургуулилт хийж байгаа нь хоёр улсын Засгийн газар энэхүү хээрийн сургуулилтад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл” хэмээн онцлов.

Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилтад хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай талаас ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын 104 хүн оролцож байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл