Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

Нэмэгдсэн: 2016-06-09 10:54:10

НҮБ-ын хөдөлмөрийн асуудлаарх төрөлжсөн, эрх барих дээд байгууллага Олон улсын хөдөлмөрийн байгууллага жил бүрийн зургадугаар сард Олон улсын хөдөлмөрийн бага хурлыг зохион байгуулдаг. Олон улсын хөдөлмөрийн дээд хэмжээний 105 дахь дугаар чуулган энэ сарын 3-нд эхэлсэн. Швейцарийн Холбооны улсын Женев хотноо болсон уг чуулганд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогтоор ахлуулсан  Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож буй юм.  

Энэ удаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн 185 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагын гурван талт төлөөлөгчид “Олон улсын өртгийн сүлжээн дэх зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор хуралдаж, бага  хурлын дэгийн дагуу зохистой хөдөлмөр, энх тайван, аюулгүй байдал болон гамшигтай тэмцэх асуудлаар Хөдөлмөр эрхлэлтийн тухай 1944 оны 71 дүгээр зөвлөмжийн шинэчилсэн найруулга, шударга даяаршлын төлөөх хөдөлмөр хамгааллын тухай ОУХБ-ын 2008 оны тунхаглалын нөлөөллийн үнэлгээ, Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцийн нэмэлт, өөрчлөлт, далайчдын биеийн байцаалтын баримт бичгийн хавсралтын тухай 2003 оны 185 дугаар конвенцийн шинэлсэн найруулгын төслийг батлах зэрэг найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  

Дэлхий дахинд тогтвортой хөгжил, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох, бүх нийтийн зохистой хөдөлмөрийг дэмжихэд олон улсын нийлүүлэлтийн сүлжээний гүйцэтгэх үүрэг, түүний үр өгөөжийг дээшлүүлэх асуудлыг үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулж өргөн хүрээнд хэлэлцэн, нэгдсэн ойлголцолд хүрэхэд чиглэж буй Олон улсын хөдөлмөрийн 105 дугаар чуулганд Монголын төлөөлөгчдийн ахлагч, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт үг хэлж, Засгийн газрын байр суурыг илэрхийллээ.  

Тэрбээр өнөөдөр хагас тэрбум гаруй фермер, өрхийн аж ахуй эрхлэгчид дэлхийн хүнсний бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж байгаа боловч тэдний дийлэнх нь өчүүхэн бага цалин хөлстэйгээр ажиллаж, хөгжиж буй орнуудад 1.5 тэрбум ажилчдын хөдөлмөр эмзэг байдалд байгаа нь баялаг, орлогын тэгш бус байдлын ялгаа улам бүр ихэсч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцлоод “Монгол Улс 2016 оны хоёрдугаар сард 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудаа баталсны дотор хөдөлмөрийн чадвартай хүн амын ажил эрхлэлтийг хамгийн өндөр түвшинд хүргэх замаар орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувийг дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтаах томоохон зорилтыг хэрэгжүүлж эхлээд байна. Харьцангуй залуу хүн амтай Монгол Улсын хувьд хөдөлмөрийн зах зээл нь улирлын шинж, эмзэг байдлын нөлөөтэй, албан бус, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт ихтэй зэрэг сул талтай хэдий ч хүн ам зүйн харьцангуй бага ачаалал, ажиллах хүчний нөөцийг зохистой ашиглах боломж, боловсролын өндөр түвшин зэрэг хүн ам зүй, нийгмийн давуу тал болон байгалийн онгон төрх, нөхөн сэргээгдэх газар, мал сүрэг, ашигт малтмалын арвин нөөц баялаг, дэлхийн томоохон зах зээлийг холбосон газар зүйн таатай байршлаа ашиглаж улс орноо тогтвортойгоор хөгжүүлэх боломжийг бид харж байгаа” хэмээгээд  Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн жилийн чуулганаас хойшхи хугацаанд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг төлөөлөгчдөд танилцуулжээ.

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1969 онд элссэнээс хойш Олон улсын хөдөлмөрийн бага хурал болон бүсийн бага хурлуудад гурван талын бүрэлдэхүүнтэйгээр тогтмол оролцож, идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. 

2016-06-07

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл