“Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” бүсийн зөвлөгөөн боллоо

Нэмэгдсэн: 2016-12-15 13:23:15

“Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” бүсийн зөвлөгөөн боллоо

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго бүхий Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байна.Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ, ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ” хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, чадавхын үнэлгээг хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах, иргэдэд эрх зүйн боловсрол, туслалцаа олгох тогтолцоог бий болгох зэрэг ажлыг хийнэ.

Энэ хүрээнд Нээлттэй нийгэм форумаас хийсэн иргэдийн эрхзүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 12 дугаар сарын 1-нд эхлүүлж, Улаанбаатар хотод Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, хуульчид, иргэний нийгмийн 250 гаруй төлөөлөгчтэй зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг энэ сард бүсчилэн зохион байгуулж, Хэнтий, Ховд аймгуудад баруун, зүүн бүсийн зөвлөгөөнийг мөн амжилттай зохион байгуулсан.Тэгвэл өнөөдөр хангайн бүсийн зөвлөгөөнийг Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Дундговь аймгийн төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, хуульчид, иргэний нийгмийн 170 гаруй төлөөлөгч оролцуулан Арвайхээр хотноо зохион байгуулж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл