Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

Нэмэгдсэн: 2015-01-10 13:03:21

Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг богиносгож, шат дамжлага болон зардлыг нь бууруулах үүднээс шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн 3 хэлбэрээр бүртгэхээр журамлана.

1. Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцари, Канад, Япон, өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Шууд бүртгэх заалт вакцинд хамаарахгүй.

2. "Эмийн хяналтын хамтын ажиллагааны схем"-д нэгдсэн гишүүн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжинд орсон, олон улсын стандартад нийцсэн эмийг албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн түргэвчилсэн хэлбэрээр буюу 60 хоногийн хугацаанд бүртгэнэ.

3. Дээрх хоёр жагсаалтад ороогүй бусад эмийг энгийн хэлбэрээр 6 сар хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бүртгэнэ.

Шаардлага хангасан дэвшилтэт, нэн шаардлагатай эмийг бүртгэхэд зарцуулдаг хугацааг богиносгосноор салбарын байгууллагуудад учирдаг чирэгдэл багасч, улмаар нэн шаардлагатай чухал эмүүд иргэдэд хугацаа алдалгүй хүрнэ гэж ЭМСЯ дүгнэж байна. Энэхүү журманд өөрчлөлт орсноор Элэгний С вирусыг бүрэн устгадаг эм Монгол Улсад нэг сарын дараа орж ирэх бүрэн боломжтой болж байга юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл