МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Нэмэгдсэн: 2014-12-01 08:35:19

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

 Монгол-Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 11 дүгээр сарын 27-ны өдөр Шинэ Дели хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, энэтхэгийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын захирал Прадип Кумар Рават нар тэргүүлж оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд гадаад бодлогын тэргүүлэх зорилтын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, тогтмолжуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэж, 2015 онд тохиож байгаа Монголын  ардчиллын 25 жилийн ой болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхээр тогтов. Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг Улс Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр монголын төлөөлөгчид Энэтхэгийн ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анил Вадхватай уулзаж хоёр орны харилцааны асуудлааар ярилцав.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл