МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

Нэмэгдсэн: 2013-06-18 15:26:43

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ  АРИЛЖАА

 

Улаанбаатар хот, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр – Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд арилжиж эхэлснээс хойш 31 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, нийт 1.28 их наяд төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулж, долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулж эхэлснээс хойш хүүгийн түвшин тогтмол буурч, анх 13.27 хувийн хүүтэйгээр арилжигдаж эхэлсэн Засгийн газрын ижил хугацаат үнэт цаасны хүү 9.7 хувь хүртэл буураад байна.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар 4 удаагийн арилжаагаар 50.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжрахын зэрэгцээ өгөөжийн муруйг бий болгох бөгөөд энэ нь төгрөгийн эрсдэлгүй хүүгийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой. Эрсдэлгүй хүүгийн түвшин нь хөрөнгийн болон мөнгөний захын суурь хүү болж, 90 гаруй хувь нь банкны салбараас хамааралтай манай орны санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц болох учиртай.

Хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр Засгийн газрын үнэт цаасны хугацааг дуустал хүлээх бус хүссэн үедээ зах зээлийн ханшаар гуравдагч этгээдэд худалдах, эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр арилжих боломж хөрөнгө оруулагчдад нээгдэж байна. Энэ нь тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын зардал, эрсдлийг бууруулснаар үнэт цаасны анхдагч зах дээр арилжигдаж буй үнэ, Засгийн газрын зардлыг бууруулах давуу талуудыг бий болгоно.

Хөрөнгө оруулагчдийн хувьд Засгийн газрын үнэт цаас нь хамгийн найдвартай, эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох ба үнэт цаасны хүүгийн орлогод татвар ногдуулдаггүй нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

Энэ долоо хоногийн 18-ны өдөр 3 жилийн хугацаатай 160.0 тэрбум төгрөгийн үнэт цаас, 19-ны өдөр 3 сарын хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар төлөвлөж байна. 

САНГИЙН
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл