МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АРИЛЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2013-06-03 08:35:59

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСЫГ  ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АРИЛЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  Улаанбаатар хот, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр – Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Засгийн газрын үнэт цаас гаргах, ажилжаалах журам” –ыг 2012 онд баталж, 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Засгийн газрын үнэт цаасыг Монгол банкаар дамжуулан анхдагч зах дээр ажилжиж эхэлсэн. Улмаар 2013 онд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар “Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд ажилжих журам”-ыг баталж, хоёрдогч захын ажиллагааг эхлүүлснээр 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 25.0 тэрбум төгрөгийн арилжаа амжилттай хийгдлээ.

  Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд ажилжиж эхэлснээс хойш 28 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, нийт 1,01 их наяд төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулж, долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулж эхэлснээс хойш хүүгийн түвшин тогтмол буурч, анх 13,27 хувийн хүүтэйгээр арилжигдаж эхэлсэн Засгийн газрын ижил хугацаат үнэт цаасны хүү 9.7 хувь хүртэл буураад байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын ажилжаа тогтмолжиж, зах зээл дэх үнэт цаасны үлдэгдэл хангалттай хэмжээнд хүрч, улмаар хоёрдогч зах зээлийг идвэхижүүлэхэд бэлэн болсны нэг илрэл юм.

 

  Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжрахын зэрэгцээ өгөөжийн муруйг бий болгох бөгөөд энэ нь төгрөгийн эрсдэлгүйхүүгийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой. Эрсдэлгүй хүүгийн түвшин нь хөрөнгийн болон мөнгөний захын суурь хүү болж, 90 гаруй хувь нь банкны салбараас хамааралтай манай орны санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц болох учиртай.

  Хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр Засгийн газрын үнэт цаасны хугацааг дуустал хүлээх бус хүссэн үедээ зах зээлийн ханшаар гуравдагч этгээдэд худалдах, эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр арилжих боломж хөрөнгө оруулагчдад нээгдэж байна. Энэ нь тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын зардал, эрсдлийг бууруулснаар үнэт цаасны анхдагч зах дээр арилжигдаж буй үнэ, Засгийн газрын зардлыг бууруулах давуу талуудыг бий болгоно.

  Хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газрын үнэт цаас нь хамгийн найдвартай эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох ба үнэт цаасны хүүгийн орлогод татвар ноогдуулдаггүй нь хөрөнгө оруулагчны сонирхлыг ихээхэн татаж байна

САНГИЙН ЯАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл