Эдийн засгийн бодлого
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ


Монгол улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтлах  болно. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн,  нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна. 

Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална.

  1. Инфляцийн түвшинг дунд хугацаанд 5 хувиас хэтрүүлэхгүй байлгах зохицуулалтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх,
  2. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийг алдагдалгүй, тогтвортой байлгаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,
  3. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 8-10 хувиас бууруулахгүй байлгах бодлого баримтлах,

Хоёр. Төсвийн тогтвортой байдлыг хадгална.

  1. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг өсгөхгүй байх зарчим баримтлах,
  2. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтлах,
  3. Хөнгөлөлттэй зээлийг авто замын сүлжээг бүрдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, импортын нефть бүтээгдэхүүнийг орлуулах  бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү зарцуулах,
  4. Уул, уурхайн салбарын орлогоос Монгол улсын хүртэх хувийг хөрөнгө оруулагч болон Монгол улсын ашиг сонирхолд харилцан нийцтэй байхаа тогтоож, хуримтлуулан зарцуулах,

Гурав. Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ.

  1. Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах арга хэрэгсэл болгож ашиглах,
  2. Мянганы зам болон Азийн авто замын сүлжээнд нэгдсэн авто замыг барих ажлыг зохион байгуулах,
  3. Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжинэ. Шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих,
  4. Газар тарилангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд хөдөө орон, нутагт худаг гаргах ажлыг дэмжих,
  5. Улсын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ. Бүх айл, өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, авто, агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх,

Дөрөв. Нийгмийн эмзэг хэсэгт түлхүү хандсан, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ.

  1. Улсын төсвөөр дамжин хуваарилагдах орлогын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх,
  2. Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхитэй хамтран ажиллах,
  3. Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, дархлаажуулалт, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, сургууль, соёлын байгуулагуудын хүртээмж, нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг бий болгоход гадаад тусламжийн зарим хэсгийг ашиглах,
  4. Хүүхэд, эхчүүдийн хоол, тэжээлийн дутагдалыг арилгах, хүүхдийн өсөлт, оюуны чадамжийг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эх, нялхсын эндэгдэлийг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих,

Тав. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна:

  1. Төрийн захиргааны болон төсөвт байгууллагуудын удирдлага, менежментийг сайжруулах, эцсийн үр дүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах,
  2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах,
  3. Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүрээмжид төрийн хяналтын байгууллагаас илүүтэйгээр төрийн бус байгууллагууд, олон нийтийн  хяналтыг оруулах, ил тод байлгах бодлогыг баримтлах, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх,
  4. Гааль, татварын байгууллагыг ил тод, иргэдэд шуурхай үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлдэг байгууллага болгох зорилтыг хэрэгжүүлэх,
Төрийн байгууллагуудын мэдээлэл