ТҮҮХЭН ЗАМНАЛ


Монгол ардын нам, Ардын түр Засгийн газрын гишүүдийн 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хурлаар Дотоод, Цэргийн, Сангийн зэрэг 3 яамыг байгуулж, Сангийн бөгөөд эдийн засгийн хэргийг Ардын түр Засгийн газрын дарга Д. Чагдаржавт хавсруулан эрхлүүлээд, Монголын үндэсний хувьсгалын ялалтыг хангахад шаардлагатай санхүү, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүрэг оноосон байна.

Ардын журамт цэрэг Улаан армийн хамт Нийслэл хүрээнд орж ирсэний дараа 1921 оны 7 дугаар сарын 9-нд МАН-ын Төв хорооноос Ардын түр засгийн газрыг өргөтгөн байгуулж, засгийн дээд эрхийг төвлөрүүлэх шийдвэр гаргаснаар Засгийн газар Гадаад, Цэргийн, Сангийн, Дотоод, Шүүх гэсэн 5 яамтайгаар зохион байгуулагдсан. Сангийн яамны тэргүүн сайдаар С. Данзан, дэд сайдаар О. Жамъян, эрхэлсэн түшмэлээр О. Гочийтский нарыг тус тус томилсон байна.

Сангийн яам нь үүссэн цагаасаа хойш улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улсын орлого, зарлагатай холбогдсон бүхий л чухал асуудлыг ардын төрийн санхүү, эдийн засгийн шинэ бодлогод нийцүүлэн явуулах, удирдан хөтлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж, гааль, татвар, санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бий болгон төлөвшүүлж, хөгжүүлэн боловсронгуй болгож иржээ.

1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулсан ба зөвлөл нь аж ахуй, санхүүгийн бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн явуулахад онцгой анхаарч, аж ахуйн үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүртгэн судлах, улс орны эдийн засгийн ойрын ирээдүйн хөгжлийн төлөвийг тодорхойлох талаар идэвхийлэн ажиллаж байжээ.

Эдийн засгийг нэгтгэн удирдах шаардлага улам өсч ирснийг харгалзан Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулсан байна. Улсын төлөвлөгөөний комисс нь жил, таван жилийн төлөвлөгөө, улмаар 10-20 жилийн хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл, үндсэн чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. 1988-1992 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаад 1992 онд Монгол улсын Засгийн газрын үндсэн бүтцэд Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан байна.

Өнөөдөр Монгол улсын СЭЗЯ нь 1992 онд байгуулагдсан Үндэсний хөгжлийн газрын үүрэг, функцыг бүтэцдээ нэгтгэсэн бөгөөд өмнөө тавигдаж буй макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага, санхүүжилтийг хэмнэлттэй зарцуулах, санхүүгийн хяналтыг хүчтэй болгож, төсвийн алдагдлыг багасгах, татвар, гааль, төсөв, зээл, тусламжийн бодлогоор дамжуулан эдийн засагт нөлөөлөх нөлөөллөө дээшлүүлэх, олон улсын санхүү, бүртгэлийн жишгийг нэвтрүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн алхмуудыг амжилттай хийж байна.
 
Сангийн яам 1924-1925 онд өөрийн харьяа гаалийн албыг бэхжүүлэх, дотоодын гаалийг хорогдуулах чиглэлээр чухал алхам хийжээ.

Засгийн газраас 1924 оны 6-р сард гарсан шийдвэрийн дагуу Сангийн яамны дэргэд гаалийн нягтлан бодохын түр сургуулийг 40 сурагчтайгаар, гаалийн хэлтсийн удирдлагын дор байгуулав. Гаалийн түр сургууль байгуулагдсан нь тус оронд үндэсний санхүү бүртгэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх анхны арга хэмжээ болсон юм.

Сангийн яамны харьяа нягтлан бодохын түр сургууль нь 1935 онд санхүү, эдийн засгийн техникум болон өргөжжээ.

Ардын засгийн газрын 1925 оны 2-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монголын Худалдаа Аж Їйлдвэрийн банкнаас мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах асуудал хэлэлцээд "Банкны дэвсгэртийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн банкинд олгохын хамт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр гаргагдана... Банкны тэмдэгтийг улсын бүх албан татвар, гааль болон бусад төлбөрүүдэд, түүнчлэн энгийн хүмүүсийн хооронд төлбөрт өгч авалцахад заавал хэрэглэнэ." гэж заасан байна. Монгол, Зөвлөллт улсын Сангийн яамдын хувь нийлүүлсэн байгууллага болох Монголын худалдаа аж үйлдвэрийн банк 1925 оны 12-р сарын 9-ний өдөр үндэсний анхны мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасан байна.

САНГИЙН ЯАМНЫ ЗОРИЛГО ЗОРИЛТ


САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Монгол улсын хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг болон үйл ажиллагааныхаа зарчимд нийцүүлэн Сангийн яамны алсын хараа, эрхэм зорилгыг дараахь байдлаар томъёолж байна:

АЛСЫН ХАРАА – Бидний ирээдүй

Сангийн яам Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхийн төлөө алсын хараатай ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО - Бидний үүрэг

Сангийн яамны эрхэм зорилго нь Монгол улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино.

Сангийн Яамны 2005-2007 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнөөс

Монгол улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаар зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх үүрэг бүхий этгээдийн хувьд иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын төлөө Засгийн газраас тавьж буй зорилт, хүчин чармайлтыг дэмжих гол үүргийг Сангийн яам хүлээж байна. Сангийн яам нь Сангийн сайд, Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улс орны санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, түүнчлэн нягтлан бодох бүртгэл, аудит, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт, зээл, тусламж, өрийн удирдлагыг бэхжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Хууль тогтоомжийн хүрээ

Сангийн яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь үндсэн хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн. Сангийн яам нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд тулгуурлан, төрийн захиргааны төв байгууллагын зорилт, чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон энэхүү хэтийн төлөвлөгөөг дараахь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

- Монгол Улсын үндсэн хууль,
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
- Яамны эрх зүйн байдлын тухай хууль,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
- Төрийн албаны тухай хууль,
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль,
- Нэгдсэн төсвийн тухай хууль,
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай хууль,
- Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль,
- Даатгалын тухай хууль,
- Аудитын тухай хууль,
- Бусад хууль тогтоомж
Эдгээр хуулиар тогтоосон Сангийн яамны үндсэн чиг үүрэг болон эрхзүй, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулсан болно.

Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь:
- Ерөнхий менежерийн мэдэгдэл
- Стратегийн зорилтууд ба хүрэх үр дүн
- Яамны нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, түүний тодорхойлолт
- Төсвийн төлөвлөгөө ба бүтээгдэхүүний өртгийн тооцоо
- Өмчлөлийн зорилт гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.

САНГИЙН ЯАМНЫ ОДООГИЙН БҮТЭЦ

Төрийн байгууллагуудын мэдээлэл