МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2016-12-21 17:22:58

МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 8 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Удирдлага, холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Монгол Улсаас БНЭУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БНЭУ-ын Батлан хамгаалахын яамны Төлөвлөлт, олон улсын харилцаа хариуцсан Тэргүүн төрийн нарийн бичгийн дарга Шамбу Кумаран нар удирдан явуулж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны Батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг уулзалтын үеэр хоёр тал онцлон тэмдэглэсэн.

“Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай харилцаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалах яам манай улсын “гуравдагч хөрш”, бүс нутгийн гол түншүүдийн нэг БНЭУ-тай Батлан хамгаалах, зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн билээ. Түүний нэг илрэл нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, “Нүүдэлчин заан” тусгай хүчний хамтарсан сургууль, хоёр талын хамтарсан Кибер аюулгүй байдлын мэргэжилтний сургалт юм.

БНЭУ-ын Зэвсэгт хүчний ЦАХ-чид “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуульд жил бүр идэвхтэй оролцож байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний төрөл бүрийн сургууль, дамжаануудад суралцаж байна. Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мэдээлэл технологийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа жил бүр улам нэмэгдэж байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, элчин сайд Г.Ганболд нарын төлөөлөгчдийг БНЭУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Мохан Кумар хүлээн авч уулзсан юм.

Зөвлөлдөх уулзалтаар талууд 2017 онд Өндөр төвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх, Кибер Аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулж техник хэрэгслээр хангах, Мэдээллийн технологи болон Англи хэлний сургалтын талаар, Хамтарсан болон олон улсын хамтарсан сургалт, дадлагын талаар, Батлан хамгаалах эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн цагдаа болон харуул хамгаалалтын зориулалт бүхий мотоцикл нийлүүлэх боломжийн талаар хэлэлцэж арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцсон.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Энэтхэгийн талаас тус улсын Батлан хамгаалах аж үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн зарим техник, хэрэгслийг судлан үзэхийг санал болгосон.

Тухайлбал, Энэтхэгийн Батлан хамгаалахын техникийн үйлдвэр Hindustan Aeronautics Limited (HAL) –д үйлдвэрлэгдсэн Advanced Light Helicopter (ALH) буюу Орчин үеийн хөнгөн нисдэг тэрэг нь өндөрт нисэх чадвартай Монгол Улсын Зэвсэгт хүчний шаардлагад нийцэж болох талтай. Түүнчлэн Энэтхэгийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалтын симуляторууд, зураглалын тоног төхөөрөмж(Imaging Equipment), радар болон бусад цахилгаан тоног төхөөрөмжүүдийг судлан үзэхийг санал болгожээ.

Монгол Улсын Батлан хамгаалах яамны зүгээс батлан хамгаалах аж үйлдвэр, түүний бүтээгдэхүүнийг судлах цэрэг, аж үйлдвэрийн төлөөллийг БНЭУ-д ажиллуулах боломжтой бөгөөд Энэтхэгийн Батлан хамгаалах яам төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Монгол, Энэтхэгийн дараагийн Зөвлөлдөх уулзалтыг 2017 онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл