“МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2016-12-21 17:12:12

“МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

 

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан "Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулсан юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Монголчууд Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа "Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг эрэн мэндчилье гээд Монголчууд өдгөөгөөс 105 жилийн тэртээ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр, төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон онцлогтой. Тэр түүхэн цаг үеэс хойш манай батлан хамгаалах бодлого Монгол төрийн байнгын түшиг, соргог манаа нь болж үеийн үед энэ үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн, уламжлалт бодлогын нэг байсаар иржээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа "Тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго бол туулж өнгөрүүлсэн түүхээ эргэн харах, одоо болоод ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн авч явах гарц, шийдлийн талаар эрдэмтэн судлаачдын саналыгг өргөн олонд хүргэх, эх түүхээ хойч үедээ сурталчлан таниулахад чиглэж байгаа юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны гурван үеийн төлөөлөл оролцож тусгаар тогтнолын ач холбогдлын талаарх өнө эртний түүхэн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг ярилцан хэлэлцэж байгаа нь онцлог болно. Мөн энэ хурал Монгол Улсын буурал түүхийн түмэн нугалаат, ээдрээт үеэс өнөөгийн тусгаар тогтносон ардчилсан эрх чөлөөт, бүрэн эрхт улс болж чадсан, цаашид тусгаар тогтнолоо эрхэмлэн хадгалж хөгжин цэцэглэхэд батлан хамгаалах бодлогын ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, дэлхий нийтийн жишиг хандлага зэрэг олон сонирхолтой сэдвээр үр дүнтэй,  ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэдэгт итгэж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авчирсан өвөг дээдсийн нандин уламжлалыг залгамжлан  явах нь иргэн бүрийн тэр тусмаа батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний нэн тэргүүний эрхэм үүрэг юм.

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа "Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүье. Баярлалаа" гэлээ.

Тус хурлаар "Үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу", "ХХ зууны Монголын геополитикийн орчин", "Тусгаар тогтнолын үнэ цэнэ, батлан хамгаалах бодлогын ач холбогдол", "Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улсын хил тогтоосны ач холбгдол" зэрэг сонирхолтой сэдвүүдээр эрдэмтэд, судаачдын илтгэлийг сонслоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл