КАНАД УЛСЫН ТУРШЛАГА МОНГОЛЫН ХӨРСӨНД...

Нэмэгдсэн: 2016-11-04 08:23:13

КАНАД УЛСЫН ТУРШЛАГА МОНГОЛЫН ХӨРСӨНД...

 

Монгол, Канад Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Олон нийттэй харилцах ажиллагаа" сургалт энэ сарын 24-ны өдрөөс энэ сарын 02-ны өдрүүдэд "Энхийн төлөө цогцолбор төв"-д явагдлаа.

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Канад Улсын Үндэсний Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг батлан хамгаалах салбараар дамжуулан нэмэгдүүлэх цаашид цэргийн олон талт сургалтын эхлэл болон анх удаа манай улсад зохион байгуулагдсан юм. Сургалтын нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Эд Жагэр болон сургуульд оролцогч улсуудын бие бүрэлдэхүүн оролцсон.

"Олон нийттэй харилцах ажиллагаа" сургалтыг Канад, Украин, Бразилийн туршлагатай багш нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад Монгол, Пакистан, Бангладеш, Непал, Филиппин зэрэг 8 орны 60 гаруй олон нийттэй харилцах, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй ажилладаг цэргийн алба хаагчид оролцлоо.

Тус сургалтад оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын тухайд Зэвсэгт хүчний хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн, цэргийн сэтгүүлчид, Зэвсэгт хүчний анги салбарын соёл хүмүүжлийн офицер, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн офицерууд оролцсон юм.

Батлан хамгаалах бодлого, шийдвэр, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын олон улсад болон эх орондоо хийж гүйцэтгэж байгаа олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллээр дамжуулан сурталчлах, өсвөр үе, хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд энэ алба хаагчдын үүрэг оролцоо багагүй байдаг.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас эхлээд Зэвсэгт хүчний анги, Онцгой байдлын алба, БХИС, ЦДБЭЧ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид энэ сургалтаас олон нийттэй харилцах арга хэмжээг хэрхэн олон улсад хэрэгжүүлдэг тэр дундаа Канадын болон НАТО-д хэрэглэгддэг онолын болон практикийн мэдлэгийг сургагч багш нараас авлаа. Мөн олон орны мэргэжил нэгт алба хаагчидтай харилцан туршлага солилцох, мэдлэг мэдээллээ хуваалцах, анд нөхөр бололцох ховорхон боломж бүрдсэн юм. Сургалт энэ сарын 02-ны өдөр хаалтаа хийлээ.

Канадын Батлан хамгаалах яамны Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Жeэн Нирон:
-Канад Улсын Батлан хамгаалах салбарын хамгийн том түншийн нэг бол Монгол Улс. Энэ хүрээнд Монгол Улсын олон офицерууд манай улсад олон төрлөөр мэргэшсэн сургалтуудад хамрагдаж байгаа. Ялангуяа, англи, франц хэлний урт болон богино хугацааны сургалтуудад идэвхтэй хамрагдаж байна. Хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан олон талт гэрээний хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготойгоор анх удаа "Олон нийттэй харилцах сургалт"-ыг зохион байгуулж байна. Энэ нь цаашид зохион байгуулагдах олон сургалтын эхлэл байх болно. Ирэх оны 8 дугаар сард "Цэргийн удирдлага болон удирдагч" чиглэлээр дараагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр цэргийн мэргэжлийн сургалтууд нь Монгол Улс, Канад улсын Батлан хамгаалах салбарын олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Канад улсын Батлан хамгаалах яамны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах багш, хошууч Никол Мисзаро:
-Монгол оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Манай хоёр улс газарзүйн хувьд ойролцоо. Яагаад гэвэл Монгол Улс, БНХАУ, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд байдаг. Канад улс мөн адил АНУ, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд байрладаг учраас манай хоёр орны цэргийн алба хаагчид маш олон төрлөөр харилцан туршлага солилцох хэрэгтэй. Тийм ч учраас энэ удаагийн олон улсын сургалтаар дамжуулан хэвийн харилцаатай манай хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлэх зорилго өвөртөлж байна. 
Миний бодлоор Монгол Улсын Зэвсэгт хүчний Хэвлэл олон нийттэй харилцах үйл ажиллагаа цэргийн алба хаагчийнхаа гэр бүл тэдний үүрэгт ажил руу чиглэсэн олон талт арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулдаг нь мэдрэгдсэн. Цаашдаа олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй. 
Сургалтаар сургагч багш нар ярьж, бусад нь сонсохыг урьтал болгоогүй. Харилцан туршлага солилцож, ярилцаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамгийн туршлагатай цэргийн алба хаагчид энэ сургалтад хамрагдсан болохоор бид бас тэднээс суралцаж, харилцан туршлага солилцлоо.

Ахмад ЖЕМИРА Р ДИ /Филиппин/: 
-Монгол Улсад анх удаа ирж байна. Эрс тэс уур амьсгалтай үзэсгэлэнтэй байгальтай орон юм. Миний хувьд 2010 оноос хойш олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж, олон сургалтад хамрагдаж байлаа. Энэ удаагийн сургалтад олон орны туршлагатай цэргийн алба хаагчидтай хамт оролцож байгаадаа баяртай байна. Тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний хэвлэл олон нийттэй харилцах баг цомхон атлаа хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болохыг харж байна. Тиймээс харилцан туршлага солилцож, өөрийн албандаа хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн явуулж байгаа Канадын Батлан хамгаалах яамны Сургалт бодлогын газрын хамт олон сургалтыг маш сайн зохион байгуулж байна.

Ахмад Карки Ришав /Непал/:
-Найрсаг зочломтгой ард түмэнтэй Монгол оронд ирсэндээ баяртай байна. Цас орсон гайхалтай өдрүүд тохиож байгаад туйлын сайхан байна. Энэ бол миний хувьд ховор тохиох боломж. Олон нийттэй, хэвлэл мэдээллийн салбартай хэрхэн хамтран ажиллах талаар өөрийн мэдлэгийг Канад, Украин, Бразил зэрэг орны багш нар болоод бусад хамтран оролцогч орны туршлагатай офицеруудаас харилцан туршлага солилцож өөрийн мэдлэгээ бататгаж байна. Энэ бол дэлхий нийтэд чухал сэдэв бөгөөд олон улсын батлан хамгаалах салбарт нэн хэрэгтэй. Сургалтаас сурсан зүйлээ өөрийн армидаа хэрэгжүүлэхээс гадна энхийг дэмжих ажиллагаанд хэрэгжүүлэх болно.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн соёл урлаг хариуцсан мэргэжилтэн, хошууч Ү.ХҮРЛЭЭ:
-Сургалтын төлөвлөлтийн хурал өнгөрсөн наймдугаар сард болж байсан бол өнөөдөр ажил хэрэг болоод хэрэгжиж байна.
Сургалтад 8 орны Зэвсэгт хүчний олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид оролцож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Онцгой байдлын албаны 35 гаруй алба хаагчид хамрагдаж байна. 
Канадын Үндэсний Батлан хамгаалах яамны Цэргийн сургалт хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүдийн тавьсан саналын дагуу олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн олон улсын сургалтын бэлтгэл ажлыг нэг сарын хугацаанд хангасан. Олон нийттэй харилцах байгууллага, сэтгүүлчидтэй хэрхэн харилцаж, анги салбар, өөрийн хариуцсан ажлыг сурталчлах чиглэлээр хангалттай мэдээллийг авч байна.

Баянзүрх дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа Б.СҮХБААТАР:

-Энэ чухал сургалтад Онцгой байдлын алба хаагчдыг оролцуулж байгаад БХЯ болон ЗХЖШ-ын удирдлагад баярласнаа илэрхийлье. Энэ сургалт бол Зэвсэгт хүчнийг ард иргэдэд сурталчлах, ард иргэдтэй илүү ойр дотно харилцах чиглэлээр явагдаж байгаа хэдий ч Онцгой байдлын асуудал эрхэлсэн бидний эрхэлдэг ажил үүргийн тал дээр адил төстэй зүйл их байна. Эрс тэс зүйлс ч байна. Бидий хувьд иргэдтэй өдөр тутам харилцаж байдаг онцлогтой. Цаашид хэрэгжүүлэх олон шинэ санааг олж авч байна. Гамшиг ослоос хамгаалах үйл ажиллагаа батлан хамгаалах үйл ажиллагаа хэлбэрийн хувьд хоёр өөр ч гэсэн агуулгын хувьд эцсийн зорилго бол улс орны аюулгүй байдлыг хангах тал дээр нэг цэгт уулзаж байдаг.

Эх сурвалж: Соёмбо сонин

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл