Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Малчдад зориулсан төслийг үргэлжлүүлнэ

Нэмэгдсэн: 2017-02-06 15:01:23

Малчдад зориулсан төслийг үргэлжлүүлнэ

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2017.02.01/  боллоо. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна.

Өмнө нь буюу 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчдын 120 бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан 455 бүлэгт дэмжлэг үзүүлжээ.

Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх юм. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, худалдан авагч, үйлдвэрлэгчидтэй холбохоор төлөвлөж байна.

9.06 сая ам.доллар нь 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай /үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил/ бөгөөд үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,75  хувь байх юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл